Зуны сар зургаа, намрын улирал найм биш болохоор цаг агаар өдрөөс өдөрт сэрүүсч байна. Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сарын 16-наас эхлэн зарим нутгаар цас орохыг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно гэж Ус цаг уур, орчин шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Салхи 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байх гэнэ.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын ажил хэвийн байгааг мэдээлэв. Хэдийгээр Ус цаг уурын хүрээлэнгээс цас орохыг сануулж буй ч ургац хураалтад саад болохгүй гэнэ.
Салбарын яамнаас өгсөн мэдээгээр Монгол Улс урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөөд байгаа юм байна.
Одоогоор улсын хэмжээнд 8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал хураан аваад байгааг мэдээллээ. Энэ онд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ.
Өнгөрсөн зуны хувьд нар хуртай байсан нь ургац хураалтад эерэгээр нөлөөлжээ. Намаржилт одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд ургамалжилт муу байгааг салбарын яамнаас мэдээлж байна.
Б.БАТ