
Д.Энхбат таван жил гаруй хугацаанд хилийн чанадад, Монгол улсын Засгийн газрын “гэмгүй” буруутнаар тодорхойлогдож байсан учраас хамаг бурууг түүнд тохох санаа байсан гэх таамаглал олон нийтэд төрүүлээд байсан. Энэ талаар Энхбатын гэр бүлийнхэн “Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн дүгнэж, өнөөдрийг хүртэл дуугүй суусаар байгаа. Түүнийг машин дотор цахилгаан бороохойтой, эх орноос нь ирсэн тагнуулын дөрвөн ажилтан хүлээж байна гэж хэн санах билээ. Ямар гээчийн хүйтэн дайны тагнуулын үлдэгдэл ийм зүйл хийж чаддаг байна аа. Д.Энхбатыг Франц, Бельгиэр дамжуулан Герман дахь Монголын ЭСЯ-д тариа тарин эх нутагт нь хэрхэн тээвэрлэж авчирсаныг хэн ч одоо тодорхой мэдэхгүй. Ямартай ч түүнийг тахир дутуу хүний тэргэнцэр дээр, зүсийг нь хувирган суулгаж авч одсон бололтой. Энэ нь түүний хувь заяа байсан гэдгийг хожим хэн ч дурсахгүй үлдсэн нь харамсалтай. Түүнд аль хэдийнэ хуурамч паспорт гаргаж, Улаанбаатарын чиглэлд нисэх тийзийг нь гардуулсан ажээ. Англи болон Германы тал найман жилийн дараа, энэ асуудлын талаар Монголын Засгийн газартай нэлээд маргаан дэгдээсэн нь гурван улсын харилцаанд багагүй сэв суулгасан бололтой.
“Гарамгай хүн барьцаалан хил давуулагч” Б.Хурц асуудлын гол бай болоод байгаа юм. Түүнийг дээрх ажиллагааг гүйцэтгээд эх орондоо өдгөө ирэхэд “Ард түмний баатар” мэт хүлээн авч байсан нь саяхан. Мэдээж түүнийг нэг талаас ингэж хүлээж авч болно. Харин нөгөө талаас буруутай эсэх нь нотлоогүй байж хэд, хэдэн улсын хилээр дамжуулан хууль бусаар хүн барьцаалсан гэмт хэрэг юу ч биш гэж үү. Тэр бүү хэл ТЕГ-ын Сөрөг тагнуулын албанд тушаал дэвшсэн. Одоо тэрбээр Английн Уэндсуортийн шоронд хоригдож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Английн Ерөнхий сайд Дэвид Камеронтэй уулзалт хийхийг хүлээж байгаа талаар цухуйлгасан. Б.Хурц өөрийгөө “Би улсын дээд албаны онцгой тушаалаар үүргээ л гүйцэтгэсэн. Намайг буруутгах үндэслэл байхгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд амжсан. Энэ талаар сүүлийн үед “Засгийн газрын үүрэг” гэсэн товч тайлбарыг өгдөг болсон. Ноён Диксон Б.Хурцыг баривчлагдсаны дараа шууд л үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Харин Б.Хурцын арыг профессор Элиху Лаутерпахт хамгаалж “Хэрэв олон улсын хуулийн дагуу асуудлыг шийдэж, үнэн зөвийг ялгах юм бол Монголын тал уг хэрэг дээр давуу байдалтай байх болно” хэмээн мэдэгдсэн билээ. Монголын Засгийн газар хуулийн дагуу “Б.Хурцыг суллах бүрэн үндэслэл бий” гэдэг хүсэлт гаргасан. Харин Английн Гадаад хэргийн яамны хуулийн мэргэжилтэн Майкл Уод өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Монголын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас Б.Хурц Англид хүрэлцэн ирсэн талаар хэн ч юу ч мэдэгдээгүй байсан. Энэ нь зүгээр л тооцоолоогүй төлөвлөгөөний нэг хэсэг байсан” гэжээ. Б.Хурцыг баривчлах үйл ажиллагаанд Монгол дахь Английн Элчин сайд асан Уилъям Диксон оролцсон талаар хэвлэлүүдээр ч цуурхаж байсан. Энэ талаар нотлох баримт саяхан дэлгэгдсэн. Тухайн үед Монгол дахь Английн Элчин сайд асан Диксон Англи улсын Гадаад хэргийн яам руу илгээсэн и-мэйлээс бүх зүйл тодорхой болсон байж. Харин Д.Энхбатыг Монголд сайн дураар ирэхгүй бол Улсын дээд шүүхээс түүнд цаазаар авах ял оноох анхааруулга өгч байсан аж. Түүнд Монголын зүгээс ирсэн уг захиаг Германы талд хуулбарлан илгээх гэж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй зүйлийг олон нийтэд дэлгэх гэж байгаа юм.
Д.Энхбат нь 1998 онд Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд Монголын Засгийн газар түүнд “Онц ноцтой гэмт хэрэгтэн” гэсэн тодорхойлолтыг аль хэдийнэ өгсөн байв. Мөн тэрбээр бусдыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байсан удаатай. Д.Энхбатын гэр бүл Монголын Засгийн газраас 2.3 сая фунт стерлинг нэхэмжилсэн. Учир нь Д.Энхбатын буруутайг нотлоогүй байж түүнийг хороосон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм. Олон улсын шүүх “Энэ хэрэгт эдгээр гурван орны бие төлөөлөгч оролцох хэрэгтэйг анхаарна уу” гэсэн ил захидлыг Герман улс руу илгээсэн.
Английн зүгээс Монголыг Хятадаас салан тусгаарлахад томоохон дэмжлэг үзүүлсэн талаар онцолсон. Мөн хоёр орны цэргүүд Афганистанд энхийг сахиулж байгаа талаар ч тодотгосон. Өнгөрсөн жил Английн хөрөнгийн биржийнхэн Монголын уул уурхайн төсөл дээр хамтран ажиллахаар болсон. Гэвч Б.Хурцын асуудал хоёр орны харилцааг хөндийрүүлсэн билээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Английн Ерөнхий сайдтай хийх байсан уулзалт хойшлогдсон. Улмаар Английн Гадаад хэргийн сайд Ж.Броун өнгөрсөн тавдугаар сард Монгол бизнесийн айлчлал хийгээд ирэхдээ “Б.Хурцыг эх оронд нь буцаах нь зөв шүү дээ” гэжээ. “Герман улсын Канцлер Ангела Меркель ирэх намар Монгол Улсад айлчилж, Германы уул уурхайн компаниудыг дэмжихийг хүсэж магадгүй” хэмээн зарим мэргэжилтэн таамаглаж байгаа юм. Олон улсын шүүхийн зарим гишүүн “Та бүхэн үнэхээр энэ бүх холион бантанг бий болгож бүхнийг эхлүүлэх гээд байгаа юм уу” хэмээн байр сууриа Германы талд илэрхийлжээ.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
