Боулингийн лигийн гуравдугаар тойрог эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Боулингийн лигийн гуравдугаар тойрог эхэллээ

“BIG BOWLING FRIENDSHIP” боулингийн лигийн үндэсний анхдугаар багийн тэмцээний гуравдугаар тойрог эхэллээ.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос манай улсад анх удаа “Big Bowling Friendship”боулингийн лигийн үндэсний анхдугаар багийн тэмцээнийг энэ оны дөрөвдүгээр сараас зохион байгуулж эхэлсэн юм.

Лигийн анхдугаар багийн тэмцээний гуравдугаар тойргийн нээлт энэ сарын 11-нд “Big Bowling” төвд болж, баг тус бүр дөрвөн тоглолт хийлээ. Энэ өдрийн тоглолтонд Молор ахлагчтай баг нийт дөрвөн хожил авч 12 оноог багийн оноондоо нэмж авч тоглолтоо амжилттай үргэлжлүүлж байна. Ингэснээр багийн дүнгээр Ц.Лхаасүрэн ахлагчтай баг 51 оноогоор хошуучилж, тэдний ард Д.Нацагдорж ахлагчтай баг болон Ц.Молор ахлагчтай баг нар 49 оноогоор, гуравдугаар байрт Б.Батхүү ахлагчтай 47 оноогоор үргэлжлүүлж байна.

Лигийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй тамирчдын хувийн дүнгээр шалгаруулж байгаа ба лигийн туршид эрэгтэйчүүдийн чансааг Д.Нацагдорж 3827 оноогоор тэргүүлж байгаа бол 2-р Ж.Содномдорж 3610 оноогоор, 3-р Б.Пүрэвдорж 3554 оноогоор, Эмэгтэйчүүдийн чансааг С. Дэлгэрцэцэг 3260 оноогоор итгэл төгс тэргүүлж байгаа бол 2-р Ш.Гэрлээ 3199 оноогоор, 3-р Долгормаа 2963 оноогоор чансааг тус тус хошуучилж байна.

Гуравдугаар тойргийн дараагийн тоглолт аравдугаар сарын 9-нд үргэлжлэх бөгөөд энэ өдөр тойргийн аварга баг тодроно. Улмаар энэ оны арванхоёрдугаар сард лигийн анхны багийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдэг найман багийн халз тулаан болно.

Сонирхуулахад, эхний тойргийн аварга баг энэ шатанд хоёр хожигдсон бол хоёрдугаар тойргийн аварга баг гурван ялагдсан байна. Тиймээс энэ тойрогт шинэ аварга төрж мэдэхээр байна.

Энэхүү тэмцээнийг боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд хүргэх, тамирчин, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох үндсэн зорилготой юм. Багийн тамирчдыг чансаагаар ангилж сугалааны зарчмаар багуудыг бүрдүүлсэн бөгөөд тус бүрт нэг эмэгтэй гишүүнтэй.

Тэмцээний урьдчилсан шат гурван тойргоор зохион байгуулагдана. Тойрог тус бүрт багийн болон ганцаарчилсан төрөлд эхний гуравт орсон баг, тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулдаг. Лигийн тэмцээнийг багийн дүнгээр дүгнэхээс гадна тамирчин тус бүрийн оноогоор хувийн дүнг тооцож байгаагаараа онцлогтойгоос гадна хувийн дүнгээр 200-аас дээш оноо авсан тохиолдолд харгалзах өндөр онооны урамшуулал буюу 10-100 оноог тамирчины хувийн дүнд нэмнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж