Үндсэн чиглэлийн төслийг хэзээ батлах вэ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийн төслийг хэзээ батлах вэ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЗЭЭ БАТЛАХ ВЭ
Ардын нам болон АН-ынхан УИХ-ын хав­рын чуулганыг мар­гаа­наар өндөрлүүлсэн. Үүний гол шалт­гаан нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Маргаан дагуулсан, АН-ынх­ныг УИХ-ын хаврын чуул­ганаас завсарлага авахад хүргэ­сэн уг хуулийн төслийг УИХ-ын нам­рын чуулганаар хэлэлцэх шийд­вэ­рийг гаргаад буй. УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл хаврын чуулганы хаал­тын үеэр “Хаврын чуулганы ху­га­цаанд бид нийт ажлынхаа 81.2 ху­вийг амжуулсан бай­на” хэмээн мэ­дэгдсэн билээ. Хэлэлцэж, шийд­вэр­лэж чадаагүй 18.8 хувьд нь 2012 оны төсвийг батлахад гол суурь нь бо­лох учиртай Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Төсвийн хү­рээний мэдэгдэл зэрэг багтаж буй. Ар­дын намын бүлгээс “Эдгээрийг ба­талж чадаагүй нь АН-ын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага авсантай хол­боотой” гэж байсан юм. Ямартай ч уг асуудлуудыг намрын чуулганаар хэлэлцэх үү, ээлжит бус чуулган зар­лах уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар УИХ-ын зарим гишүүнээс тод­руулсан юм.


О.Чулуунбат: ТӨСӨВ БАТЛАХАД НЭГ ИХ ХҮНДРЭЛ УЧРУУЛАХГҮЙ

УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас зарим зүй­лийг тодрууллаа.

-Хаврын чуулганаар Сонгуу­лийн тухай хуулийг шинэчилж чад­сангүй. Үүнээс гадна олон асуудал үлд­сэн. Тэдгээрийг яг хэзээ хэ­лэл­цэж батлах юм бэ. Ээлжит бус чуулган хуралдуулна гэсэн яриа байна?

-Хаврын чуулганаар батлах ёстой байсан ч хэлэлцэж амжаагүй үлдсэн асуудлуудыг нам­рын чуулганаар хэлэлцэх болов уу.

-Үндсэн чиглэлийн төсөл, Төсвийн хүрээ­ний мэдэгдлийг ч гэсэн үү?

-Тийм. Сонгуулийн тухай хуу­лийг намрын чуулганаар өөрчлөх бол­сон шүү дээ. Ээлжит бус чуулган ху­ралдуулж, эдгээрийг хэлэлцэнэ гэсэн яриа байгаа. Гэсэн ч дээрх асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан болохоор бусад асуудлыг ч гэсэн намар хэлэлцэж таарна.

-Үндсэн чиглэлийн төслийг хуулийн ху­га­цаанд батлаагүй нь намрын чуулганаар Мон­гол Улсын 2012 оны төсвийг хэлэлцэхэд хэр хүндрэл учруулах бол?

-Төсөв батлах тал дээр нэг их асуудал үүс­гэхгүй. Намрын чуул­га­наар Төсвийн тухай хуулийг аль болох зарчмын хувьд батална гэж ярьж байгаа. Сонгуулийн жил болохоор тэгж байгаа юм.

-Яагаад?

-Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд 76 тийшээ тараад явчихна.

С.Эрдэнэ: АРДЫН НАМЫНХАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс да­раах асуул­тад хариулт авав.

-Ардын намын зарим гишүүн “Үндсэн чиглэлийн төслийг хав­рын чуулганаар ба­талж чадахгүй бол намар төсөв хэлэлцэх үеэр хүнд­рэл учирна” гэсэн. Бас үүнд АН-ын бүлгийг буруутгасан?

-Үндсэн чиглэлийн төслийг хав­рын чуул­ганаар батлах ёстой бай­сан. Хуулийн хугацаа бий. Одоо батлаагүй байгаа нь төсөл хэлэл­цэх үеэр хүндрэл учруулах нь ойл­гомжтой. Ардын намын бүлэг АН-ын бүлгийг буруутгахын оронд энэ асууд­лыг зохицуулах хэрэгтэй бай­сан юм.

-Тэгэхээр энэ нь Ардчилсан на­мын бүл­гээс шалтгаалаагүй гэсэн үг үү?

-Ардын намынхан УИХ-д олон­хийн суу­далтай шүү дээ. Тиймээс энэ бүх хариуцлагаа хү­лээх хэрэгтэй. Үндсэн чиглэлийн төслийн эх­ний хэлэлцүүлгийг хийчихсэн. Одоо ээл­жит бус чуулган зарлаж, үүнийг бат­лахгүй бол УИХ-ын намрын чуул­ганаар хэлэлцэх байх.

Д.ОДХҮҮ: ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ БАТАЛЖ ЧАДСАНГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Одхүүгээс да­раах асуул­тад хариулт авсан юм.

-Хаврын чуулганаар хэлэлцэж, эцэслэн баталж амжаагүй олон асуу­дал үлдсэн. Тэд­гээрийг хэзээ бат­лах юм бэ?

-Хэзээ хэлэлцэж, батлахыг хэлж мэдэхгүй байна. “Ээлжит бус чуулган зарлана” гэсэн. Тийм яриа байгаа. Харж л байж болохоос. Ер нь намрын чуулганаар л хэлэлцэх болов уу гэж бодож байна.

-Үндсэн чиглэлийн төсөл л гэхэд хаврын чуулганаар зайлшгүй батлах ёстой асуудлын нэг шүү дээ?

-Тийм ээ. Үндсэн чиглэлийн төслийг хэлэл­цэж, батлах хуулийн хугацаа бий. УИХ-ын дарга энэ талаар юу гэж бодож байгаа юм бол.

Т.УРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж