Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өчигдөр /2016.09.13/ Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өнөөдөр цацагдаад байгаа. Энэ талаар бид холбогдох газраас тодруулахад “Авлигатай тэмцэх газрын зүгээс өчигдөр баривчлах ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбар хийлээ.
Мөн өөр нэг эх сурвалжийн тодотгосноор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гэр зуураа байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн наймдугаар сарын 7-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилсон юм.
Онцлоход, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд ажиллаж байхдаа буюу 2015 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэж үзэн, Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулахаар хандаж байв.
Г.ХОРОЛ