Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авах тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авах тов гарлаа

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-19-ний өдрүүдэд шалгалт авахаар болжээ.

Хяналтын шатны буюу Дээд шүүхийн 2 шүүгчийн орон тоонд 7,  Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Мөн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд 4, анхан шатны шүүхийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлэн бүртгүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэх, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх, Шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлох ярилцлага, Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн 8 төрлийн шалгалт авах юм байна.

Дээд шүүхэд нэр дэвшигчдийн тухайд дээрх шалгалтаас гадна Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт бичих шалгалтууд нэмэгдэж байгаа аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж