Ш.Энхсайхан: Багш, шавь хоёрын хүсэл биеллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Ш.Энхсайхан: Багш, шавь хоёрын хүсэл биеллээ

Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхантай ярилцсанаа хүргэж байна.


Юуны өмнө багшид баяр хүргэе. Шагнал аваад удаагүй байгаа энэ үед таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Үнэхээр их баяртай байна. Сэтгэл дэндүү их хөдөлж байна. Багш, шавь хоёрын хүсэл энэ өдөр биелэлээ. Бас Монголын ард түмний минь хүлээсэн сэтгэл биднийг амжилтанд хүргэж чадлаа.

Та төлөвлөсний дагуу өргөлтийг тооцоолж байсан уу?

-Тиймээ. Миний тооцоолж байсан өргөлт болсон. Бид хоёрын бэлтгэл сайн байлаа. Хэдийгээр Содномын жинд  маш хүчтэй өрсөлдөгч байдаг ч гэлээ 210 кг-аар эхлүүлэхээр шийдсэн. Эхний өргөлт амжилттай болж, цааш хүрлийн төлөөх дайралтаа хийсэн. Түрүүг авсан  Эмиратын тамирчин 212 кг өргөсөн болохоор түүний араас л явсан. Содном 217 кг-ыг өргөчихлөө гэж бодоод сүүлийн оролтыг 221 болгож захиалсан. Яагаад би ингэж захиалсан гэхээр самбар надад харагдаагүй л дээ. Тэгсэн манай хүний өргөлтийг тооцоогүй юм билээ. Ингээд захиалгаа буцааж, 217 кг-ыг дахин өргөсөн. Гэхдээ паралимпийн наадмын дэвжээ үнэхээр хатуу байдгийг харууллаа. Уг нь манай хүний 217 кг-ийн эхний өргөлт амжилттай  болсон мэт харагдсан. Гэтэл ялимгүй алдаа байж.

Энэ жингийн хүчтэй өрсөлдөгч Иран, БНХАУын тамирчдын тухайд юу хэлэх вэ?

-Тэд бол мундаг тамирчид. Паралимпийн наадам болон дэлхийн аваргын медальтнууд. Бүр дэлхийн рекордыг эзэмшдэг залуус шүү дээ. Тэр хоёр бол зөвхөн алтын төлөө л өрсөлдсөн. Гэхдээ энэ нь амжилтгүй боллоо. Уг нь гурван тамирчин байсан бол тэднээс нэг нь медальд хүрэх ч байсан юм билүү. Хоёулаа хоорондоо өрсөлдөж байгаад медальгүй хоцорлоо.

Та тэднийг өндөр захиалга өгөхөд юу бодогдож байв?

-Надад бол нэг нь чадахгүй юм байна л гэж бодогдсон. Тиймээс би Эмиратын тамирчинг дагасан. 224 кг-аар эхлүүлнэ гэдэг бол хэцүү. Өндөр түвшний тамирчдын хийх зүйл. Нөгөөтэйгүүр шууд 224-өөр эхлүүлсэн нь тэдний өрсөлдөгчөө  сулруулах нэг тактик шүү дээ. Гэхдээ л тэд алдаа хийчихлээ.

Бэлтгэл хэр байв. Энд ирээд бэлтгэлээ хэрхэн хийж байсан бэ?

-Риогийн наадам бол үнэхээр сайхан болж байна. Бид хоёр бэлтгэлийн танхимд ороод л их сайхан амралтыг мэдэрсэн. Энд бүх зүйлийг бэлдсэн байна. Зааланд 40 гаруй штанк байхын. Бид хоёрынх 31 дугаартай. Бэлтгэлийг хангалттай хийсэн болохоор өөрсдөдөө итгэлтэй байлаа.

Паралимпийн наадамд орохын тулд ДАШТээс эрхээ авдаг юм байна. 2014 онд ДАШТд явах зардлаа хайж нилээн явсан гэж байсан?

-Дэлхийн аваргын тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. Бид хоёр Дубайд болох дэлхийн аваргад амжилттай оролцож, эрхээ авах хэрэгтэй байдаг. Гол нь энэ тэмцээнд оролцохгүй бол паралимпийн наадамд оролцох боломжгүй шүү дээ. Тухайн үед Содномын зардал олдчихсон. Гэтэл багш нь зардалгүй сууж байдаг. Ингээд би хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яаман дээр очоод зардалгүй гээд яваад байлаа. Гэтэл тухайн үед мэргэжилтэн байсан О.Гэрэл тус болж байсан юм. Тэр хүн намайг Хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадоржтой холбож өгсөн. Энэ хүн миний онгоцны зардлыг өгч багш шавь хоёр дэлхийн аваргад явсан түүхтэй. Бүгд паралимпийн эрхээ авах гэж очиж байгаа болохоор дэлхийн аварга бол маш хүнд болсон. Тэгэхээр би Ч.Даваадоржид их баярлаж явдаг юм.

Дубайд очоод паралимпийн эрхээ авчээ?  

-Тухайн үед их зоригтой байжээ. Бид хоёр дэлхийн аваргад 200 кг-аар эхэлсэн. Тэгж явсаар 7-р байранд орж, паралимпийн эрхийг авсан. Гэтэл тэр тэмцээн дээр энэ Бразил залуу бас бид хоёрыг дагасаар байгаад урд минь гарч эрхээ авч байсан. Энэ залуу бас их хийморьтой юмаа. Ер нь энэ Бразилийн тэмцээн бидэнд их ээлтэй байлаа. Тэр өнөөдөр ч бас бид хоёрыг дагасаар байгаад мөнгөн медаль дээр буулаа. инээв

Багш, шавь хоёр хэзээ шигшээ багт оров?

-ДАШТ-д VII байр эзэлж, паралимпийн эрхээ авсан Содном бэлтгэлээ улам л чамбай хийсэн дээ. Тэгээд Инчёны Азийн наадмаас хүрэл аваад шигшээ багт орсон. Харин би өнгөрсөн жилийн наймдугаар сараас шигшээ багт данстай болсон. Бид хоёрын зорилго бол паралимпийн наадамд оролцох байлаа. Өнөөдөр энэ зорилгоо давуулан биелүүлж, медальтан болчихлоо. Энд хүрэхэд өмнө тусалж байсан бүгдэд талархаж байна. Ялангуяа дэлхийн аваргад явахад тусалсан Гэрэл болон Ч.Даваадоржид их талархаж байна.

Таныг Австралид байх хугацаанд Содном бэлтгэлээ завсарласан гэж байсан. Эргээд багш, шавь хоёр санамсаргүй таарсан гэдэг?

-Тиймээ. Би гурван жил орчим  Сиднейд байж байгаад ирсэн. 2009 он юм байна. Нэг өдөр автобусанд явж байтал араас хүн цохих шиг болсон. Эргээд хартал Содном байж байна. Тэгээд л бид хоёр ярилцаад бэлтгэлдээ орсон доо.


Э.Содномпилжээгийн анхны багш, дасгалжуулагч ОУХМ Ш.Энхсайхан 1972 онд Мюнхэний олимпийн наадамд хүндийн өргөлтийн тамирчнаар оролцож байжээ. Болгарт хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлийг эзэмшсэн тэрээр энэ спортын төлөө олон жил зүтгэсэнээ дуулгасан. Содном багшийгаа Сидней явсан хойгуур хэсэг хугацаанд спортоосоо завсарлажээ. Гэвч тэрээр дахин багштайгаа бэлтгэлээ хийж эхэлж, зорилгынхоо төлөө тууштай хичээллэсэн байна. Багш, шавь хоёр паралимпийн наадамд оролцохын тулд олон тэмцээнийг зорьсон. Тэр бүрд хамгийн хэцүү нь зардлын асуудал байдаг байлаа. Тэд маш олон хүнд талархаж явдгаа хэлж байсан юм. Тэдний хүсэл зорилго паралимпийн наадам байсан учраас бүх л зүйлээ үүнд зориулжээ. Өнөөдөр тэд паралимпийн хүрэл медальтан боллоо.

 Энхбаяр СОДНОМПИЛЖЭЭ

  • 1985.08.24, Орхон аймаг Баян-Өндөр сум
  • “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт
  • “Дубай 2014” ДАШТ-д VII байр ”Рио 2016” паралимпийн эрх
  • “Инчён 2014” Азийн пара наадмын хүрэл
  • “Дубай 2015 fazza” Дэлхийн цомын АШТ-ий мөнгө
  • “Алмата 2015” Азийн АШТ-ий хүрэл
  • “Куала Лампур 2016” Дэлхийн цомын АШТ-ий мөнгө
  • Шахалтаар хэрэглэлттэй 235 кг болон хэрэглэлгүй 205 кг шахалтын 83 кг-д улсын рекорд
  • Хэрэглэлгүй Classic powerlifting УАШТ 93 кг 227.5 кг-аар бүх жингийн рекорд
  • Дасгалжуулагч, анхны багш: ОУХМ Ш.Энхсайхан
  • Үндэсний шигшээ баг, ОУХМ
  • Дэлхийн чансаа 4
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж