Мэдэхгүй юм даа, зураачид намрын улиралд дуртай гэх. Алтан шаргал, гал улаан будгийг нь барах намар цагт тэд яагаад хайртай байдаг юм бол… Найрагчид ч намрын өнгө хэмээн шүүрс алдан бичиж, онгод нь хөглөгддөгийн шалтгаан нь юу юм бол.
Миний хувьд жилийн дөрвөн улирлыг хөгжмийн зэмсэгтэй зүйрлэх дуртай. Намар бол миний бодлоор хийл хөгжим юм. Ер бусын нарийн, сэтгэлийн утас хөндсөн аялгуутай хийл хөгжим намар цагтай яг хоршино.
Намар цаг хүмүүнийг сургадаг, хүмүүжүүлдэг цорын ганц улирал гэнэм. Өнгөрснөө дурсахгүйгээр хайрыг, хүлээлтийг мэдрэхгүй шүү дээ
Зуны дэлгэр цагийг чимээгүйхэн үдээд, намар гүнж өсгий дээрээ аяархан гишгэлсээр байгаль дэлхийн үүдийг нээхэд эрт баларсан цагийн дурсамж сэдэрч, өөрийн эрхгүй уйтгар төрнө. Байгаль эх ч өнгө алаг цэцэгс, эрээн мяраан эрвээхий, шувуудын хөгжилтэй дунд залхсан бололтой, чимээ аниргүйг эрхэмлэн зүүрмэглэнэ. Ургамал ногоо өөдөө тэмүүлсээр ядарч, өвсний толгой шаргалтаж эхэлнэ. Нар алгуурхан холдсоор халуун илчээ төөнөх нь буурч, моддын навчис нэг нэгээрээ эх газартаа шингэхээр тэмүүлнэ. Шувууд ч дулаан өдрүүдээ үдэх мэт далавчаараа даллаж, их аян замдаа бэлтгэж эхэлнэ.
Намар цаг байгаль дэлхий ядарч, урт удаан нойрондоо бэлтгэх шиг болдог. Энэ үед хүмүүний сэтгэл дэнсэлж, эрт эдүгээгийн элэрсэн баларсан бодолдоо дарагдана. Хүйтэн бороо асгарч, жихүүн салхи үлдээхэд харьж яваа цагийг харуусан харуулан үднэ. Намар цаг хүмүүнийг сургадаг, хүмүүжүүлдэг цорын ганц улирал гэнэм. Өнгөрснөө дурсахгүйгээр хайрыг, хүлээлтийг мэдрэхгүй шүү дээ. Намар цаг биднийг хуурч мэхэлдэггүй. Амьдрал ямар болохыг, хүмүүн бид мөнх бишийг үзүүлж, бүхнийг мэддэг. Тийм ч учраас уран зураачид, яруу найрагчид намар цагаар хөглөгддөг биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН