“Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор оюутнууд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор оюутнууд хэлэлцэнэ

Хуушуур, пирожки, ороомог гэхээр л “оюутны хоол” гэдэг. Эдгээр ширхэгийн хоол нь үнэ хямдтай байдаг учраас оюутнуудын хоол хэмээн нэрлэгдэх нэг шалтгаан нь болдог тухай өнөөдөр /2016.09.19/ албаныхан мэдээлэл хийлээ.

Монгол улсын Боловсролын их сургуулийн нэг давхарт байрлах буфетээр ороход 10 орчим оюутан суусан харагдав. Буфетээр үйлчлүүлж буй оюутнууд ихэвчлэн пирожки, “напелион” идэж байгаа нь анзаарагдлаа. Тус сургуулийн гуравдугаар курсийн оюутан О.Мягмардорж “Өдөрт ихэвчлэн ширхгийн хоол л иддэг. Одоохондоо залуу хүн учраас өвдсөн зүйл ажиглагдахгүй юм. Магадгүй нас ахих тусам үүний хор хөнөөл нь мэдрэгдэх байх” гэж тоомжиргүй ярилаа.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болгосон билээ. Тэгвэл энэ жилийн хувьд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа ажээ.

НЭМХ-ийн мэргэжилтэн Ж.Наранчимэг “Оюутнууд алийн болгон дөрвөн жил хуушуур идсээр байгаад ходоод нь мууддаг гэж ярих юм бэ. Энэ жилийн хувьд оюутнууд цугларч, өөрсдөдөө тулгарч буй асуудлаа ярилцаад гарц хайхаар санаачилга гаргасан нь сайшаалтай юм. Харин энэхүү оюутнуудын санаачилгыг ажил хэрэг болгохоор холбогдох яам, байгууллагууд ажиллаж, хэрэгжүүлэх нь чухал байна” гэдгийг онцолж байв.

2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс 46 хувийг эрэгтэй, 54 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байна. Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзүүлэлтээс дурдвал нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлж байна. Мөн үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзэлж байна. Мөн бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд танилцуулав.

МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг “Манай сургуульд нийт 16 мянган оюутан суралцдаг. Эдгээрээс 80 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж, суралцдаг. Эрүүл мэндийн тал дээр жил бүр тодорхой үе шаттай аян зохион байгуулдаг. Аяныхаа хүрээнд сургуульд шинээр орж буй оюутнууд болон бусад оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Ялангуяа оюутны дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудыг бүгдийн үзлэгт хамруулж байж, дотуур байранд хамруулдаг. Харин сургуультай гэрээ байгуулсан цайны газар маань оюутнуудад тэжээллэг, харьцангуй хямд үнэтэй хоол хүнс худалдаалдаг. Сургуулийн захиргааны зүгээс сар бүр хяналт тавьдаг юм” гэв.

Өнгөрсөн жил 170 мянган оюутан хамрагдах ёстой байснаас 72 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ. “Оюутнууд өглөө гэрээсээ яарч гарна. Чанаргүй хоол хүнс их хэмжээгээр иднэ. Ер нь хоолыг зөв зохистой идэх боломж бага байдаг. Миний хувьд ходоодны хеликобактертай. Энэ нь бас зөв хооллолттой холбоотой шүү дээ” хэмээн МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан А.Очирсүрэн ярилаа.

Энэ жилийн оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд их, дээд сургуулийн удирдлагуудтай нөлөөллийн уулзалт хийх, оюутны эрүүл мэндийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах, оюутнуудад сургалт зохион байгуулах, аяны хүрээнд 5000 орчим оюутныг хамруулан өдөрлөг зохион байгуулах, “Оюутны хооллолт, БЗДХ, ХДХВ/ ДОХ-аас сэргийлье, жирэмсний хяналт” сэдвээр мэдээлэл түгээх зэрэг олон арга хэмжээг маргааш /2016.09.20/ Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж