ЧЭНДУ-ТИАНФУ ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ХОТ
Биднийг тус хотын бүтээн байгуулалттай танилцах үеэр барилгын ажил ид өрнөж байлаа. Асар том газарт ёстой л хүн хүчийг мэдрүүлж, бүтээн байгуулалт гэдэг зүйлийг утгаар нь харуулж байлаа.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кө Циан Чэнду шинжлэх ухааны шинэ хотын бүтээн байгуулалтай танилцах үеэр Чэнду шинжлэх ухааны хотыг шинэ эдийн засгийн хамгийн томоохон бүс болно гэж найдаж буйгаа нэгэнтээ илэрхийлж байсан билээ.
Тэгвэл энэ найдвар бодит амьдралд биеллээ олох хамгийн эхний алхам нь Тианфу шинжлэх ухааны хотын бүтээн байгуулах төслийн санааг 2011 онд боловсруулснаар эхлүүлжээ. Хожим нь 2015 онд Сичуан мужийн засгийн газраас Тианфу шинжлэх ухааны шинэ хотыг бүтээн байгуулах ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. Тус хот нь Чэнду хотын төвөөс зүүн өмнө хэсэгт 1578 км.кв газрыг хамрах аж. Үүнд Мэйшиан, Зи-янг гэх мэт 3 хот, 377 засаг захиргааны харьяа нутаг бүхий 7 дүүргийг багтаах юм.
Тус хотыг бүтээн байгуулах гол зорилго нь орчин үеийн, олон улсын хот төлөвлөлтийн жишгээр худалдаа, аж үйлдвэрлэл, түүнчлэн оршин суух нөхцөлийг хамгийн тохиромжтой шийдлээр бүтээн байгуулахад орших юм.Энэхүү шинэ хотыг бүтээн байгуулагчид орчин үеийн хамгийн шилдэг үйлдвэрлэл, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.Тус төсөл дээр АНУ-ын Харвардын их сургууль, ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Хятадын Цинхуа, Электрон шинжлэх ухаан, технологийн сургууль, Сичуан, Жиаотонгийн их сургууль зэрэг олон сургуулиудтай хамтарч ажиллаж байна.
Мөн түүнчдэн Нобелийн шагналтнуудыг Тианфу шинжлэх ухааны хотод инновацын төслийг санаачилж, хэрэгжүүлэхэд дэмжих зорилгоор 50 сая юаны хөрөнгө оруулалт хийжээ.
Нийт 195.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттайгаар 51 томоохон төсөл хэрэгжиж байгаагаас 82,35 тэрбум юань бүхий 27 аж үйлдвэрийн төсөл, 87,15 юанийн хөрөнгө оруулалт бүхий 24 үйлчилгээний томоохон төслүүд хэрэгжиж байна.
2020 он гэхэд тус хот нь ерөнхий дүр зургаа бий болгох юм. Зөвхөн шинэ үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй Хятадын баруун өмнөд хэсгийн үйлдвэрлэл, эдийн засгийн орчинг сайжруулах бөгөөд үндэсний хэмжээний хамгийн гол хөгжил, судалгааны төслүүд, судлаачдыг татахын сацуу шинэ санаа бүтээн байгуулалтыг дэмждэг үйлдвэрүүдийг мөн татах юм.
Тианфу шинжлэх ухааны хотод дотоод, гадаадын нийт 100 судалгаа, хөгжлийн төвүүд байрлах бөгөөд төслийн хүрээнд хамгийн том бүтээн байгуулалт нь New Century Global Centre,Чэнду Тианфу олон улсын онгоцны буудал,орчин үеийн урлагийн төв юм. Харин үүнээс New Century Global Centre–ийг 2013 онд ашиглалтад оруулжээ.
ХУРДАЦТАЙ ХӨГЖЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ ШИНЖИН ХОТ
Шинжин хотын хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий тэнгэр баганадсан өндөр барилгууд, ногоон хөгжлийг утгаар нь хэрэгжүүлсэн байдал нь нүд баясгаж, сэтгэл сэргээж байлаа. Яг л шигүү ой дотор их хотыг байгуулсан юм шиг харагдаж байлаа.
Тус хот нь БНХАУ-ын Гуандон мужийн хамгийн том хот бөгөөд урд хэсгээрээ ХонгКонгын хойд хэсэгтэй 17.5 километрийн зайтай оршдог.
Шинжин хотын агаарын чанар нь жилийн 340 өдөр сайн үзүүлэлттэй гардаг бөгөөд 911 ногоон парк, цэцэрлэгт хүрээлэн байдаг нь оршин суугчдынхаа эрүүл орчинд ихээхэн анхаардгийн хамгийн тод илрэл юм.
1970-аад оны үед Шинжин хотод Ковлоон Кантоны төмөр замыг чиглэн 30 мянган хүн ирдэг байжээ. Хожим нь 1979 онд хотын статустай болон улмаар 1980 онд БНХАУ-ын анхны Эдийн засгийн Онцгой бүс болсон байна. ДНБ нь 20 жилий турш 25 хувийн өсөлттэй гарахын сацуу нэг хүнд ногдох ДНБ нь 26,071 ам доллар аж. Жилийн нийт экспорт болон импортын хэмжээ 345,46 тэрбум ам.доллар.
Тус хот нь 10,778,900 хүн амтай бөгөөд түүний 6 сая нь цагаачилж ирсэн хүмүүс байдаг аж.
1990-2000 онуудад дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудыг нэг болсон аж. Энэ их амжилт нь 20 жилийн хугацаанд буюу 1979 оноос хойш хэрэгжүүлсэн “Өөрчлөлт ба нээлттэй байдал” хэмээх бодлоготой салшгүй холбоотой. Тус бодлогыг хэрэгжүүлснээр гадаад хөрөнгө оруулалтыг ихээр татахын сацуу онцгой эдийн засгийн бүс болж, эдийн засгийн өсөлтийг маш хурдан хугацаанд үзүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан боомтууд мөн байрладаг аж.
Шинжин нь Өмнөд Хятадын санхүүгийн төв юм. Тус хотод Шинжиний хөрөнгийн бирж тэргүүтэй дэлхийн тэргүүлэх технологийн компаниуд болох Huawei, Dajiang,Skyworth, гэх мэт глобал түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудын төв байрладаг.
Дээрх технологийн компаниуд нь салбартаа дотоодод төдийгүй дэлхийд тэргүүлэх байр суурьтайгаас гадна инноваци, технологийн чиг хандлагыг тодорхойлогч компаниуд юм. Орчин үед хүний оролцоо, шаарлагагүйгээр олон зүйлийг хийх боломжтой болсныг дээрх компаниудын бүтээгдэхүүнүүдээс харж болох юм.
Г.АНУДАРЬ
Чэнду, Шинжин хот