Инфляциас бүү ай, их мөнгөнөөс ай

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Инфляциас бүү ай, их мөнгөнөөс ай

ИНФЛЯЦИАС БҮҮ АЙ, ИХ МӨНГӨНӨӨС АЙ
Улаанбаатарын цаг агаар өдөртөө +30 хэм хүрч, ул­сын хэмжээнд эдийн засаг түүнээс дутуугүй хүчтэй халж байна. Инфляци үнийн өсөлт 9.8 хувьд хүрчээ. Уг нь зорилтот түв­шинд зааснаар 10 хувиас бага байхаар заасан. “Өсөлтийн шалтгааныг судлаад үзэхэд тээврийн бүлгийн дүн 8.4 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн” гэж статистикчид танилцуулсан байна. Үүнийг зөвхөн “Автобусны үнэ нэмснээс болжээ” гэж бүдүүн барагаар ойлгож болохгүй л дээ. Мэдээж хэрэг,  стратегийн гол бүтээгдэхүүн шатахууны хомсдол, үнийн өсөлт жаахан савлагаа үүсгэсэн байж болно. Хамгийн гол нь инфляцид хүчтэй нөлөөлөгч макро орчноос ямар дохио ирж буйг чагнах нь чухал. Тухайлбал, гадаад худалдааны тэнцэл 193.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Энэ оны эхний улирлын байдлаар гадаад валютын цэвэр урсгал 251 сая ам.дол­ларт хүрсэн. Өмнөх оны мөн үеийнхээс 293 сая ам.доллараар өссөн байгаа юм. Бүхэл бүтэн 12 дахин өссөн гэсэн үг. Энэ огцом өсөлтийн дүнд төгрөгийн ханш чангарсан. Гэвч! Монгол Улсын гадаад худалдааны нөх­цөлийн индекс өмнөх оныхоос бараг найман хувиар буурсан. Гадаад худал­дааны алдагдал 5.4 дахин өссөн. Валютаар төлдөг ба­рааны гадаад худалдааны ал­дагдал бараг 20 дахин өссөн нь төгрөгийн ханш чангарсан “өн­дөр амжилт”-ыг бууруулж хараг­дуулсан юм.

ОУВС-ийн шинжээчид хэлж байсан даа. “Монголд эдийн засаг сэргэж байгаа ч инфляци хурдацтай өсөж болзошгүй” гэж. Тэд “Ашигт малтмалын экспортын их өсөлт, хувийн секторын үйл ажил­лагааны идэвхжилт, төсвийн хүчтэй тэлэлтээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг сэргэж, энэ онд дээд тал нь 10 хувиар өсөх таамаглалтай байна” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Монголын улстөрчид энэ тоог эш татан хэлэх тун дуртай байгаа. Ард  түмэн алга ташин хүлээж авч байна. Гэхдээ энэ мэдэгдлийн ард анхааруулж хэлсэн хэдэн хатуу үг буй. Тухайлбал, энэхүү өсөлтийг нь эдийн засгийг нэгэнт инфляци өндөртэй байгаа эдийн засгийг халааж, оны эцсээр үнийн өсөлт 20 хувьд хүргэж болзошгүй гэсэн. Хэдийгээр тэд ингэж хаяагаа манаж, айлгадаг зуршилтай ч ингэж хэлсэн шалтгаан нь тун зөв үндэслэлтэй байгаа юм. Засгийн газрын зардал ашигт малтмалын бус, эдийн засгийн гуравны хоёр хувийг эзэлж байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлаас хэт давсан эрэлтийг бий болгож, инфляци огцом өсөхөөр байна. Энэ тохиолдолд инфляциас урьдчилан сэргийлж, мөнгөний бодлогоо чангатгах шаардлагатай гэж ОУВС-ийнхан тайлбарласан.

Харин Монголбанк ямар бодлого баримталж байна вэ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зохих арга хэмжээг авахаар судалж, бод­лого боловсруулж байна. Мак­ро зохистой бодлого гэгчийг Монголбанкны удирдлагууд ярьж эхэллээ. Энэ бодлогын эцсийн зорилго нь санхүүгийн тогтвортой байдал юм. Монголын санхүүгийн системд гадаадын хөрөнгө өрийн болон өмчийн хэлбэрээр байрших нь эрс нэмэгдэж байна. Ганцхан жилийн дотор манайхыг чиглэсэн мөнгөний урсгал 12 дахин өссөн гэсэн дээрх тоог хар л даа. Энэ бол шинэ нөхцөл.

Ийм нөхцөлд Монголбанк арилжааны банкуудад гадаад валю­тын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьсан нь нүдээ олсон хэрэг төдийгүй санхүүгийн салбарын хямралыг да­ван туулах чадварыг бэхжүүлэх үндсэн зорилттой нь нийцэж байгаа юм. Олон улсын зээлжих эрх ол­годог байгууллагууд Монголын макро эдийн засгийн эмзэг байдлыг үнэлэхдээ “Мөчлөг сөрсөн макро бодлого хэрэгжүүлдэггүй. Инфляцийн эсрэг авах арга хэмжээ нь сул” гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр цаашид макро эдийн засгийн бодлого зохистой байхын үндэс нь төрийн сангийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг гол чиглэлээ болгох явдал байх нь. Энэ талаар Монголбанк голлон анхаарч “Инфляци өссөн л бол мөнгөний бодлогыг чангатгах ёстой” гэж туйлшрахгүй байгаа нь сайшаалтай.

Инфляцийг онилсон мөнгөний бодлогын арга Монголын эдийн засгийг хүнд үед нь аварсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 оноос манай улсын эдийн засаг мөнгөжиж, мөнгөний эргэлтийн хурд, инфляцийн хоорондын хамаарал тогтворгүй болж эхэлсэн. Энэ байдал үргэлжилсээр, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ судалсаар байтал дэлхийн эдийн засгийн хямралтай нүүр тулсан.

Дэлхий нийтийн жишигт инфляцийг онилох, мөнгөний агрегат, валютын ханшийг зорилт болгох, эцсийн зорилгоо албан ёсоор зарладаггүй мөнгөний бодлого гэсэн мөнгөний бодлогын үндсэн дөрвөн арга хэлбэр байдаг. Хямралын хүнд үед инфляцийг онилох аргыг авч хэрэгжүүлсэн нь Монголын эдийн засгийг аварсан. Мөнгөний агрегатыг зорилт болгох аргыг одоо ч судалсаар байгаа. Эцсийн зорилгоо албан ёсоор зарладаггүй мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй орны тод жишээ нь Америк. Тус улсын төв банкнаас хэрэгжүүлдэг уг бодлого хоёр жилийн дараа инфляцид нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дараах инфляцийн таамаглалыг дэвшүүлж, мөнгөний бодлогоо алсаас хумьж эхэлдгээрээ онцлогтой. Эцсийн зорилго тодорхой бус байдгаас мөнгөний бодлогын стратегийн ил тод байдал нь маш бүрхэг байдгаараа сул талтай ч инфляцийн хүлээлт зэрэг цаг үеийн нөлөөллөөс хамгаалагдсан байдгаараа давуу талтай. Тиймээс ч АНУ үе үе инфляцийн эрсдэлтэй тулгарсаар байна. Харин хөгжиж буй орнууд энэ хэлбэрийг төдийлөн сонгодоггүй юм билээ.

Тэгэхээр Монголбанкийг оновч­той арга хэлбэрийг сонгож, эдийн засгаа инфляциас хамгаална гэж найдъя. Харин Ерөнхий сайд наадмын өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Энэ жил дахиад цалин нэмэх бодолтой байгаа” тухайгаа хэлээд авна билээ. Монголбанк улстөрчдийн тэлсэн төсвийн зардлын аюулыг багасгах гэж байхад зөрүүлээд ийм шийдвэр гаргах нь уг нь буруу. Гэвч нэгэнт улс төр, эдийн засаг хоёр “дайсагналцаад” удаж байна. Муу үр дагавар нь ард түмний нуруун дээр буудаг. Ерөнхийдөө энэ намар дэлхий даяар эдийн засаг хална. Даяаршил гэж алгаа ташихын хамт сөрөг нөлөөллийг нь ч тэсвэртэй хүлээн авч сурах хэрэгтэй. Тиймээс манай улстай гадаад худалдааны холбоотой байдаг орнуудын эдийн засгийг чагнаж, урьдчилан арга хэмжээ авч чаддаг байх нь чухал. Мөн банкуудынхаа “эрүүл мэнд”-д тавих анхаарлаа сулруулахыг инфляци андахгүй. Хамгийн сүүлийн мэдээллээр банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 38 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 3.1 хувиар багассан байна. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ энэ тоонд тайвшралгүй, хяналт шалгалтаа чангатгах ёстой. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө, сонгуулийн өмнөх жил арилжааны банкуудын чанаргүй зээлийг сэм гаргаснаас болж хоёр банкийг эг­нээнээсээ хасчихаад байгаа. Саяхан Ев­ропын банкуудад стресс тест хийж, зарим банк шалгуур давж ча­дал­гүй хаалгаа барихад хүрчээ. Манайд ч гэсэн стресс тест хийгээд үзэхэд гэмгүй. Эрсдэлтэй заавал нүүр учирч байж арга хэмжээ авахаас урьдчилан сэргийлж, хяналтаа тогтоовол хохирол багатай байх нь ойлгомжтой.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж