Гадаад харилцааг эрдэмжүүлэх гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааг эрдэмжүүлэх гэрээ байгуулав

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгон, онол практикийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах гэрээг хоёр тал байгууллаа.

Гэрээг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин нар байгууллаа.  

Гэрээ ёсоор ирэх жил тэмдэглэх Монгол Улсын Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Дипломатын түүх ХХ зуун” /нэгэн боть/ бүтээлийг эрдэмтэд, дипломатуудын хамтарсан баг бүтээхээр болж байгаа юм. Монгол Улсын Дипломат албаны 100 жилийн ой болон Монголын гадаад бодлого, олон улсын  цаг үеийн асуудалд зориулан зохиох эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг ШУА-тай хамтран зохион байгуулахаар тогтлоо. ШУА-ийн талаас Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн улсуудтай харилцах асуудлаар судалгаа хийж Гадаад харилцааны яаманд бодлогын зөвлөгөө өгч байх зэрэг олон чухал заалт орлоо.

Гэрээ байгуулсын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар:

-Цаг цагаар өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхэд ултай мэдээлэл, бодитой судалгаа нэн шаардлагатай болоод байна. Тиймээс яамны дэргэд Сургалт судалгааны төв байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний нэгээхэн хэсэг болгож гадаад бодлогод эрдэмтдийнхээ үгийг сонсохоор өнөөдөр энэхүү гэрээг байгуулсан нь маш чухал арга хэмжээ боллоо гэж онцолж байсан юм.

Энэхүү гэрээг байгуулснаар гадаад сурталчилгааны ажилд ШУА чухал байр суурьтай оролцохоор болж байгаа талаар ШУА-ийн Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин илэрхийллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж