Элэгний эмийг 300 мянган төгрөгөөр авах боломж бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Элэгний эмийг 300 мянган төгрөгөөр авах боломж бүрдүүлнэ

Элэгний С вирусын эсрэг эмийг 300 мянган төгрөгөөр авдаг болох боломж бүрдүүлнэ хэмээн өнөөдөр “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээллээ.

Одоогоор С вирусын эсрэг эм доод тал нь 250 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. Тэгвэл ирэх сараас С вирусын эсрэг Вирпас эмийг 155 ам.доллараар иргэдэд хүргэхээр болжээ. Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн ерөнхий нэршлийн эм болох Вирпасыг ирэх сарын эхний долоо хоногоос эхлээд 155 ам.доллараар “Монос”-ын бүх эмийн сангаар худалдаалахаар болжээ. Вирпас эм нь Энэтхэгийн “Strides Shasun” компанийнх юм байна.

Эмийн нэг хайрцаг нь 155 ам.доллар байх юм. Нэг курс нь доод тал нь гурван хайрцаг гэж тооцвол 465 ам.доллараар иргэд эмээ авна. Элэгний С вирусын эсрэг Вирпас эмийг 40 хувийн хөнгөлөлттэй үнээр ийнхүү оруулах ажлыг төрийн оролцоогүйгээр зөвхөн Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Гастроэнтерологийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд хийсэн гэдгийг энэ үеэр тодотголоо.

Тэгвэл 155 ам.долларын эмийг дахин 80 хувиар хөнгөлөх боломжийг удахгүй бүрдүүлнэ хэмээн “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мөн хэллээ. Учир нь өмнөх жилүүдэд Засгийн газраас элэгний эмчилгээнд зориулан дөнгөж хоёр тэрбум төгрөг л зарцуулдаг байжээ. Тэгвэл энэ жилээс 23.4 тэрбум төгрөгийг элэгний С вирусын эсрэг эмчилгээ, оношлогоог хөнгөлөхөд тусгасан байна. Тиймээс элэгний С вирусын эсрэг Вирпас эмийн 155 ам.долларыг энэ сардаа багтаж нийгмийн даатгалын сангаас 80 хувиар хөнгөлүүлнэ гэж мэдэгдлээ. Д.Наранбаатар “Энэ асуудлаар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж байгаа. Төрийн бус байгууллагууд эмийг 40 хувийн хөнгөлөлттэй оруулж ирсэн. Одоо төрийн байгууллага нь энэ эмийг нийгмийн даатгалын сангаас 80 хувиар хөнгөлнө гэдэгт найдаж байгаа” гэлээ.

Ингэснээр иргэд элэгний С вирусын эсрэг Вирпас эмийн нэг курсыг нь 300 орчим мянган төгрөгөөр авах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж