Өнөөдөр байгаагаасаа илүү сайхныг, илүү ихийг хүсэх нь хүний нийгмийн мөн чанар. Энэ хүсэл нь биелж байвал тэр нийгэм хөгжиж дэвшиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, прогресс байна гэсэн үг. Хүний нийгмийн үе шат бүхэн прогресс руугаа явж, үүнтэй хөл нийлүүлж чадаагүй хэсэг нь мөхөж байсан. Өнөө цагийн хүний нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүд болсон улс орны удирдагчид ард иргэдээ илүү сайхан амьдруулах амлалт өгдөг нь прогрессийг л амлаж байгаа хэрэг. Харин энэ үйл явцын эсрэг нь регресс.
Тухайн нийгэм хөгжиж байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох талаар сэтгэгчид, философичид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, XVIII зууны францын философич Жан Кондорсе прогрессийн шалгуур оюун ухаан гэж үзэж байсан бол түүнтэй нэг үед амьдарч байсан мөн францын сэтгэгч Сен-Симон ёс зүй гэж үзэж байжээ. Сен Симон нийгэм хөгжил дэвшилд хүрнэ гэдэг бол хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ах дүү мэт байхыг хэлнэ гэж үзэж байжээ. Харин германы сэтгэгч Фридрих Шеллинг хууль зүйт төр тогтох нь прогрессийн шалгуур гэсэн бол түүний нутаг нэгтэн Георг Гегель оюун санаа эрх чөлөөтэй байх нь прогресс хэмээн номлосон байдаг. Харин өнөө цагт нийгмийн прогресс гэдгийг эдийн засгийн бүтээмж, хүний амьдралын түвшин болоод чанар, хувь хүний эрх чөлөө, ардчиллын шинж тэмдгүүдээр шинждэг болжээ.
Бид харин хаана явна вэ? Урагшилж байна уу, ухарч байна уу? Философийн утгаараа регресс буюу хөгжил ухрах араандаа орсоныг хүрсэн цэгээсээ ухрах, боловсронгуй тогтолцооноос илүү энгийн тогтолцоо руу шилжих, муу тал руугаа өөрчлөгдөх хэмээн тодорхойлжээ. Үүнийг орчин цагт буулгавал иргэдийн амьжиргаа муудах, эдийн засгийн бүтээмж буурах, амьдралын чанар муудаж дундаж наслалт богиносох, ардчиллын үнэт зүйлсээс татгалзах, асуудлыг хүч түрэн шийдэх, улс орны нэр хүнд унах, иргэдийн оюун санааны үнэлэмж унах зэрэг нь нийгэм ухарч буйн шинж гэж үздэг байна.
Эдгээр тодорхойлолтыг харахад бид ухарч байна уу, урагшилж байна уу гэдэг асуултын хариу тодорхой. Ядаж байхад яр гэгчээр шинэ эрх баригчид социализмын үеийг санагалзсан үзэл суртлын аянд мордсон нь энэхүү ухрах үйл явцыг түргэсгэх түгшүүр төрүүлж байна. Үзэл суртлын аян бол хуучин коммунистуудын шалгарсан арга. Хуучин цагт энэхүү үзэл суртлын аяны хоморгонд хэчнээн олон хүний оюун санаа булингартсаныг мартаж ядаж байхад тэс өөр цаг үед төрсөн шинэ үеийнхний оюун санааг илүү ихийг мэдэх, хийх хүсэл зоригт уриалан дуудахын оронд нийгмийн хөгжлийн чөдөр тушаа гэдэг нь батлагдсан коммунизмын хий үзэгдлийг амилуулж байгааг зөвтгөж чадахгүй нь. Хууль, шүүхийн шинэчлэлийн багц хуулийн үйлчлэлийг хойшлуулсан, нийслэлийн төв талбайн нэрийг сольсон, Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг сүртэй тэмдэглэсэн, 1000 ламаар ном хуруулж тариа хураасан, хөгшчүүл бэлгэдлээ бодоод хамтын тэтгэврээс татгалзсан гэсэн тайлбар зэргийг хэлж байгааг ойлгоно биз. Сонгуульд ялагдсан нь хар машинаас болсон гэж санал тоолох машиныг шатааж байсан хүмүүсээс уг нь юу ч горьдоод хэрэггүй гэдгийг мэдэж байгаа ч бид чинь XXI зуунд амьдарч байна шүү дээ. Ухрах араандаа бүрэн орох гэж зургадугаар сарын 29-нд монголчууд МАН-д санал өгөөгүйг сануулъя.