Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн хэрэгт дахин хууль бусаар сэжигтнээр татлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.18-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн хэрэгт дахин хууль бусаар сэжигтнээр татлаа

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнгөрөгч даваа гаригт буюу есдүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл хийж, түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан байцаалт авч эхэлсэн тухай мэдэгдсэн билээ. Уг мэдээллийг ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ-аар нэрлэж байна. 


2016.09.12, Ардчилсан намын байр.

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн байна. Хуулийн байгууллагын энэхүү шалгалт нь гүтгэлэгт үндэслэгдсэн, мөн хууль зөрчиж хийгдэж байна гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцолсон юм. Энэ тухай мэдээллийг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.

Э.БАТ-ҮҮЛ:

Мэдээллийн эхэнд түүх сөхөж ярих хэрэгтэй. 1998 оны намар С.Зоригийг зэрлэг, балмадаар хөнөөж, энэ үеэс намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ сууж байхад нийслэлийн Цагдаагийн дарга Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулж очсон. Очиход олон хүн бужигнасан байсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод мэдээжийн хэрэг цочирдолгүй яах вэ. Ц.Элбэгдорж ирж хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгайг мартсан байсан. Хэргийн дараа намайг гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Энэ малгайг надад мартсан байсан нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч өгсөн. Ингээд надаас дахиж мэдүүлэг, байцаалт аваагүй.  

Гэтэл 2000  оны УИХ-ын сонгууль болохоос дөрвөн сарын өмнө Цогтбаяр дахиж дуудаад, “Малгай чинь байна уу. Аваад ирээч” гэхэд нь аваачиж өгсөн. Гэтэл тэр малгайг маань аваад “Энэ малгай хэргийн газраас олдсон тул сэжигтнээр татаж байна” гэсэн. Уг нь малгайг мартсан гэсэн нь тогтоогдсон гээд өгсөн атлаа хоёр жилийн дараа буцааж аваад, сэжигтнээр татаж байна гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан.

Ингээд намайг энэ хэрэгт холбогдуулсан улс төрийн кампанит ажил явсан. Маш хүчтэй кампанит ажил явсан. Тухайн үед сонин хэвлэлээр намайг яаж гүжирдэж байсныг санаж байгаа байх. Жишээ нь, Дожоодорж гэдэг хүн бол Өнөрмаагийн хэрэг, Алтанцөгцийн хэрэг гээд шуугиулж байсан хүн. С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор шээсэн гэх будлианыг энэ хүн л зохион байгуулсан. Гэтэл энэ хүн сонгуулийн өмнө “С.Зоригийг хэн хөнөөсөн бэ?” гэдэг ном гаргасан. Түүндээ намайг маш ихээр гүжирдэж, гүтгэсэн.

Энэ номонд “С.Баяр танаа, танд болон танай гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөж өчүүхэн номоо барив. 2000 оны долдугаар сарын 26” гэсэн байгаа юм. Тухайн үед С.Баяр сонгуулийг удирдаж байсан. Тэр үед энэ номыг маш ихээр тараасан, ингэж 2000 оны сонгуулийн улс төр болгон ашигласан.

Энэ хэрэг гарсны дараа “Улстөржүүлж болохгүй шүү” гэдгийг анх би уриалж байсан. Учир нь энэ хэргийн үнэн мөн нь бүдгэрнэ. Жинхэнэ хэргийг үйлдэгчид олдохгүй байх аюултай.

С.Зоригийг бүрэлгэсний маргааш олон мянган хүн Төв шуудангийн өмнө цугларчихсан, “Ардын намын хүмүүс С.Зоригийг алчихлаа, Ардын намын цагаан байр руу дайръя” гэж байсан. Тэр үед нь би “Болохгүй, энэ хэргийг улстөржүүлж болохгүй. Үндэслэлгүйгээр бие биенээ гүжирдэж болохгүй тайван байцгаа” гэж хэлж байсан. Тэр үед хүмүүс миний үгийг л сонсож байсан. Ингээгүй бол аюул болох байсан.

Тэр үед надад “Наад хүмүүсээ цагаан байр луу дайруулаач ээ” гэж турхирч байсан нөхөд бий. Ингэхэд нь би “Монголын ард түмнийг үндэслэлгүйгээр хүч түрүүлэхгүй. Ингэж болохгүй” гэж хэлж байсан.

Удалгүй МҮОНТ-ээр Ардын намынхан С.Зоригийг алсан гэдэг сурвалжлага бэлтгэн цацсан.

Тэгэхэд нь би “Хэргийг ингэж улс төржүүлж болохгүй, бие биенээ гүжирдэж болохгүй. Хэргийн эзэд нь олдохгүй болно, хэрэг бүдгэрнэ шүү” гэж анхааруулсан. Гэтэл Дожоодорж номондоо “Ардын нам энэ хэргийг хийгээгүйг нь Э.Бат-Үүл мэдэж байгаа юм бол энэ хэргийг хэн хийснийг Э.Бат-үүл мэдэх нь ээ” гээд бичээд эхэлсэн. Дараа нь хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ хэргийг хийжээ гэж бичсэн. Ингэхэд нь би дахиад л телевизэд очиж, хэргийг улстөржүүлж болохгүй гэдгийг сануулсан.

Битгий улстөржүүл гээд байхад Ардын намынхан 2000 онд миний эсрэг энэ хэргийг хамгийн том улс төр болгосон. Миний тойрог дээр “Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэдэг” юм хийсэн. Сонгуулийн дүн гарахад өнөөдрийнх шиг асар том ялалтыг МАН байгуулсан. Ингээд 2000 оны наймдугаар сард хийгээгүй хэргийн минь төлөө намайг хүн зодсон гэж гүжирдээд Ганц худагт хорьсон. Цагдаагийн газрын дарга Амарболдын даалгавраар хошууч Цогтбаяр намайг хорьсон. Прокурор энэ хэргийг хянаад хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл Прокурор хүчингүй болгосон чинь энэ хэрэгт дахин яллагдагчаар татаж байна гээд шоронд хорих үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Ингэж хууль бусаар хорьж байсан. Прокурор энэ хэргийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосноор би шоронгоос суллагдсан. Намайг энэ хэрэгт холбогдуулахдаа дандаа хүмүүсийн гүжирдлэгээр шоронд хийж байсан. С.Зоригийн хэрэгт холбоотой гэдэг нь дандаа гүжирдлэг байсныг прокурор тогтоож хүчингүй болгосон. Энэний дараа дахин асуугаагүй яриагүй.

Хэрэг болсны дараа би С.Оюунд ч, Ц.Элбэгдоржид ч хэлж байсан. Гаднаас өндөр мэргэжлийн мөрдөгч хөлсөлж авчрах ёстой гэж. Дараа нь Д.Дорлигжавыг прокурор болоход ч хэлсэн. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гээд явж өгөөгүй.


Сая ахиад сонгуулийн өмнө сонин болон вэб сайтуудад гүжирдсэн мэдээлэл гаргаж эхэлсэн.

Жишээ нь, “Ц.Элбэгдорж ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө” гээд дороо дэвхцэн хашгирч байв”, “17 жил бугшсан С.Зоригийн аллага илэрлээ” гэсэн гарчигтай нийтлэл гарч, ингэхдээ намайг алсан биш алах үед нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл цацсан. Энэ мэдээллийг би шалгуулахаар прокурорт өгсөн, шалгаж өгөхгүй байгаа.

Саяхан би “Ардын нам, Ардчилсан намыг эдийн засгийг хямруулсан гэж гүжирдэж байна” гэдэг хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлаас гараад эхнэртэйгээ амралтын газарт амарч байтал "Энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас таныг дуудаж байна" гэж утсаар дуудсан. Очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргасан.  

Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд байхгүй тийм жишиг тогтоосон. Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна.

Тэгэхдээ 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоол нь маш нууц, шинэ тогтоол нь нууц гэсэн тогтоол. Яахаараа нэг хэрэг дээр хоёр тогтоол гаргадаг юм. Өмнөх тогтоол нь хууль зөрчсөн тогтоол. Тийм учраас хүчингүй болгоод шинээр тогтоол үйлдэх ёстой. Гэтэл хүчингүй болгоогүй.

Дээр нь мөрдөн байцаагч нь дураараа нууцын зэрэглэл тогтоосон. Маш нууц гэдэг нь бүх үйл явцыг хаалттай хийх тухай юм. Нууцын тухай хууль гэж бий, хэн дуртай мөрдөн байцаагч нь нууцын зэрэглэл тогтоодоггүй. Тийм учраас би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл хууль зөрчиж хийсэн тогтоолын дагуу яллагдагчаар татсан. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, би өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Намайг хууль бусаар байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Анхнаасаа би энэ хэргийг илрүүлэхийн төлөө байгаа. Он жил өнгөрөх тусам энэ хэрэг илрэхийг би хүсэж байгаа. Би энэ хэргийн эзэн олдоосой гэж өдөр бүхэн залбирдаг. Хэргийг илрүүлэхийн төлөө бололцоотой бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

Тийм учраас намайг шалгах ёстой бол шалгаж болно, хуулийн дагуу яв. Битгий гүтгэ. Сэжигтнээр татаж болно, яллагдагчаар татаж болно, хорьж болно.

Хууль зөрчиж байна гэдэг өөр зорилготой л гэсэн үг. Дандаа л сонгуультай үеэр энэ асуудлыг босгодог.

Би бодож байгаа, Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж байгаа байх. Энэ хэрэгтэй холбогдуулан дуудахад цагт нь очдог, асуусан мэдүүлгийг нь өгдөг. Санаж байгаа хэрээрээ мэдүүлэг өгдөг. Гэхдээ мөрдөн байцаах үйл ажиллагаа нь их сонин.

16 жилийн өмнө асууж байсан зүйлээ одоо дахиад асууж байгаа. Тэрүүгээрээ дахиад яллагдагчаар татаж байгаа. Тиймээс хэргийг илрүүлэхээс илүү өөр зорилго байна л гэж үзэж байгаа. Хэргийг нууцалж байгаа байдал, нууцлалыг дураараа хийж байгаа байдал энэ бүхнийг бодолцсон ч тэр.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шиг санагдаж байна, энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа надаас хурууны хээ, үсний шинжилгээ, цусны шинжилгээ анх удаа авсан.

Хэзээ ч урьд нь авч байгаагүй шинжилгээг харьцуулсан шинжилгээ хийх нэрээр авсан. 

Хамгийн гол нь яллагдагчаар татсаныхаа дараа шинжилгээнүүдийг авч байгаа юм.

Уг нь яллагдагчаар татах бол хангалттай нотолгоо бүрдүүлсний дараа татдаг. Гэтэл яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайгаад явж байгаа.

Тэр ч бүү хэл намайг байцааж байгаа мөрдөн байцаагч “Наад хүнээ одоо хорь” гэдэг дарамтыг дээрээс үзүүлж байгаа гэж хэлсэн. Хийгээгүй хэргээр, хууль зөрчин хорихыг би хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.


ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ ҮЗЭХ:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж