2016 оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 47 иргэн нас баржээ. Иймд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, төрөл төрөгсдөд нь виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, ажлыг тухайн улсад байрлах элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг байна.
Гадаад паспорт захиалга ирэх сараас хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхны мэдээллээ. Гадаад паспортыг гурав хоногийн дотор яаралтайгаар захиалах үйлчилгээг түр зогсоожээ. Түр зогсоосон гэдэг нь иргэдийг олон цагаар дугаарлуулахгүйн тулд дугаар олголт хийсэн байна. Ингээд иргэд есдүгээр сарын 30-ныг хүртэл дугаар авсан гэсэн үг. Энэ сарыг дуустал дугаар авсан иргэдэд гадаад паспортыг нь хэвлэж өгөх юм. Харин аравдугаар сарын 1-нээс захиалга хэвийн үргэлжлэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон юм. Уламжлал ёсоор өнгөрөгч баасан гаригт 5 дахь удаагаа Сүхбаатарын талбайд Номын баярын өдрийн нээлт болов. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, СГЗ Г.Аким нарын хүндэт зочид оролцлоо
Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм.
Өмнө нь өргөн бариад байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон тэдний гэр бүлийн гишүүд, оффшор бүсэд данс эзэмших, мөн тус бүсэд байрлах аж ахуй нэгж байгууллагын хувьцаа эзэмшихийг хориглохоор тусгасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнгөрөгч баасан гаригт /2016.09.16/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 13-ний өдрийн хуралдаанаас дараах томилгоог хийжээ. Үүнд: Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг, гүйцэтгэх захирлаар Б.Цэндсүрэнг томилсон байна.
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дүүгээ Төрийн банкны захирлаар томилууллаа гэж шуугиад байгаа нь Д.Баярсайхан юм.
Увс аймгийн Тэс суманд газрын тосны хайгуул хийж байсан “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Тус компани нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэлээр зогсоосон аж. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуул хийсэн бөгөөд 19 сумын 12-т нь хайгуул хийх зөвшөөрлийг “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани авсан байдаг гэнэ.
Яаралтай тусламжийн 101, 105, 102, 103 утсанд хуурамч дуудлага өгөх, тоглох явдал эрс нэмэгджээ. Тиймээс эдгээр утсанд гурваас дээш удаа хуурамч дуудлага өгч, тоголсон хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдлээ. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно. Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцвэл 5000-20000 төгрөгөөр торгох, эсвэл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах гэдгийг санууллаа.
Элэгний С вирусыг эмчлэх “Вирпас” гэх эмийг ирэх сараас эхлэн үндсэн үнээс нь 40 хувь хөнгөлж, 155 ам.доллараар худалдаалахаар болжээ.
Одоогоор худалдаанд байдаг С вирусын эсрэг эм доод тал нь 250 ам.долларын үнэтэй байгаа бол “Вирпас” эмийн үнэ 90 гаруй ам.доллараар хямд байгаа юм.
“Вирпас” нь элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн ерөнхий нэршлийн эм аж. Тус эмийг ирэх аравдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн 155 ам.доллараар “Монос”-ын бүх эмийн сангаар худалдаалахаар болжээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 15-16-нд шилжих шөнийн 04.00 цагийн оримд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.
Баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.
Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-т бүртгэгдсэн байна. Энэхүү хэргийг мөрдөн шалгах явцад 480 гаруй иргэний картыг ашиглаж, 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Тус хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг буруутган сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн бөгөөд хохирогчийн тоо, мөнгөн дүн өсөх магадлалтайг ЦЕГ-аас анхааруулж байгаа аж.
Гадаад харилцааны яамны Консулын газраас урд хөршийг зорих гэж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргалаа. Тус зөвлөмжид БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхээр явахдаа тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг анхааруулаад байна.
Монгол Улсын иргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа гэрээ байгуулан, тоглолт хийх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл дээрх зөвшөөрлийг аваагүйгээс болж, тус улсад хөдөлмөр эрхэлсэн Монголын 26 оюутан цалин хөлсөө авч чадалгүй хохирсон байна.