“Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж, чухал тоглолтуудыг хийж байгаа “Улаанбаатарын унаганууд”, “Сэлэнгэ пресс” багууд өчигдөр /2016.09.17/ 14 дүгээр тойрогт учираа тааран тоглолоо.
Өнгөрөгч лхагва гаригт “ШМ Баянгол”-той тоглож маш чухал хоёр оноо алдсан “Улаанбаатарын унаганууд” энэ тоглолтод хожих юм бол “Сэлэнгэ Пресс”-ээс дөрвөн оноо холдох боломжтойгоор талбайд гарсан. Тиймдээ ч нэгдүгээр үеийн 23 дахь минутад Э.Пүрэвдоржийн мөргөж оруулсан гоолоор тэргүүллийг авлаа. Мөн эхний хагасын сүүлийн минутад А.Мөрөнгийн торгуулийн талбайдаа гаргасан алдааг ашиглаж Ёосүкэ Минами хуучин багийнхаа хаалганд гоол оруулсан.
Шийдвэрлэх үед “Унаганууд”-д тооны харьцааг холдуулах, “Сэлэнгэ Пресс”-д тоог тэнцүүлэх хэд хэдэн боломж гарсан ч хэн хэн нь ашиглаж чадахгүй байлаа. Үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Б.Мөнх-Эрдэнэ баруун хөлийн гоёмсог гуядалтаар тооны харьцааг 2:1 болгосон. Оноо авах хугацаа үлдээгүй тул “Сэлэнгэ пресс”-чүүд чухал өрсөлдөгчдөө хожигдож, 19 оноотой хэвээр үлдлээ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо