Өвөр монголд ажиллахдаа зөвшөөрөл авахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Өвөр монголд ажиллахдаа зөвшөөрөл авахыг сануулав

Гадаад харилцааны яамны Консулын газраас урд хөршийг зорих гэж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргалаа. Тус зөвлөмжид БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхээр явахдаа тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг анхааруулаад байна.

Монгол Улсын иргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа гэрээ байгуулан, тоглолт хийх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл дээрх зөвшөөрлийг аваагүйгээс болж,  тус улсад хөдөлмөр эрхэлсэн Монголын 26 оюутан цалин хөлсөө авч чадалгүй хохирсон байна.

БНХАУ-ын Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулна” хэмээн заасан байдаг аж.

Иймээс зөвлөмжийг баримтлахыг сануулж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж