Энэ сарын 17, 18-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээрээс зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 33 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд замд хар хөх өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 42 настай, эмэгтэйг мөргөж гэмтээсэн бол хөдөө орон нутагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хоёрдугаар багийн нутаг Сэтэрхий хөтөл гэх газар асфальтан замд “T.Prius” автомашины жолооч БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, жолооч 64 настай хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Харин зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны долоон хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч гурав бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ
А.Сүрэн