Монголын Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон “Beacon” байгууллага хамтран зохион байгуулж буй “Mongolia Investment Summit” буюу “Монголын хөрөнгө оруулалтын хурал” ирэх аравдугаар сарын 26-27-нд Хонконгод болох гэж байна.
Энэ удаагийн хурлаар дан ганц уул уурхай бус дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, дэвшилтэт технологийн салбарын боломжуудын талаар хэлэлцэхээр уг арга хэмжээний төлөвлөгөөнд тусгажээ.
Хурлаар Монголыг цаашдын 100 жилд хэрхэн хөгжүүлэх чиглэлийг ярилцах бөгөөд үүнд хөрөнгө оруулагчдын оролцоо ямар байх боломжтой талаар Монголын болон гадаадын пүүс компаниудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Тухайлбал Монголын төрийн өмчийн компаниудын хувьчлал, Тавантолгойн “өрнөл”, Уул уурхай ба бусад салбарын боломжууд сэдэвт хурлын эхний өдөр төвлөрөх бол хоёр дахь өдөр нь дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүчний төслүүдийн боломжуудыг хэлэлцэх ажээ.
Монголын хөрөнгө оруулалтын энэхүү хурал нь олон салбарыг хамарч буй бөгөөд ирэх 100 жилийн хугацаан дахь Монголын хөгжлийн төлөвт уул уурхай болон бусад салбар ямар оролцоотой байх талаар хэлэлцэх гэж буй нь хэтийн хөгжлийн олон чухал зураглалыг дэлгэн, дэвшүүлж мэдэх юм.
Б.Төгс