Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 14-нээс нээлтээ хийсэн “Монгол камасутра” үзэсгэлэнг хаасан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар үзэсгэлэнг зохион байгуулж буй Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдээс тодрууллаа.
-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Монгол камасутра” үзэсгэлэнг хаасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Уг үзэсгэлэн нээлтээ хийсний дараагаар хүмүүсийн шүүмжлэлд их өртсөн. Олон нийтийн сүлжээгээр олон хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, хэл ам гарсан учраас өчигдөр /2016.09.15/ үзэсгэлэнгийн танхимаа түр хаасан юм.
-Түр хаасан гэв үү. Хэр хугацаагаар хаах вэ?
-“Монгол камасутра” үзэсгэлэнгээ өнөөдрөөс эхлэн нээж байгаа. Үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.
-Хүмүүсийн эсэргүүцлийн эсрэг үзэсгэлэнгээ дахин үргэлжлүүлэх гэсэн үг үү?
-Эротик урлагийн бүтээлүүд нь хүмүүний дур хүслийг өдөөж, бүтээлч идэвхийг сэргээдэг. Энэ үзэсгэлэн садар самуун явдлыг сурталчлах гэхээс илүүтэйгээр эротик урлагаар дамжуулан та бидний амьдралыг хайр, бүтээлч эрчим хүчээр цэнэглэхийг зорьсон.
-Эдгээр бүтээлүүдийг “Аглаг”-ийн хийдэд бүтээсэн гэсэн үү?
-Тийм ээ. Гэхдээ “Аглаг”-ийн хийдийн бурханч лам Г.Пүрэвбаттай ямар ч холбоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эротик урлагаар уран бүтээлээ бүтээх хүсэлтэй зураачдыг “Бидний соёл” төрийн бус байгууллагаас дэмжиж, уран бүтээл хийх боломж олгосон юм. Ингэснээр 21 зураачид маань тэнд бясалгал хийж, Камасутрагаас сэдэл авч, өөр өөрийн таашаал сонирхлоор бүтээлээ “Аглаг”-ийн хийдэд 10 хоног бүтээсэн.
А.СҮРЭН