WADA яагаад сэргээш хэрэглэхийг ”зөвшөөрөв”

Хуучирсан мэдээ: 2016.09.18-нд нийтлэгдсэн

WADA яагаад сэргээш хэрэглэхийг ”зөвшөөрөв”

WADA ЯАГААД АМЕРИКИЙН СПОРТЫН СУПЕР ОДУУДАД СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ?

Хакерууд Рио-2016 олимпийн сэргээшийн шинжилгээний хариуг нууцалсан байсныг "илрүүлж", олон нийтэд зарлаагүй зарим нэрсийг ил болгож эхэлсэн нь дуулиан дагуулж байна. 

Италийн “La Repubblica” сонин сүлжээгээр гарч ирсэн баримтуудыг судлан шинжилсний үндсэн дээр "WADA Америкийн спортын супер одуудад маш хүчтэй хориотой бодис хэрэглэхийг зөвшөөрч байсан нь үнэн" гэсэн дүгнэлтийг хийжээ. 

Тухайлбал, 2016 оны Риогийн олимпийн тоглолтын гол ялагчдын нэг (багийн, олон төрөлтийн ба чөлөөт дасгал, тулалтай харайлтын нийт дөрвөн алтан медалтан) гимнастикчин Симона Байлз гэхэд риталин гэх эмийг байнга хэрэглэж иржээ. Европ, АНУ, Орост энэ бодисыг мансууруулагч гэсэн ангилалд оруулдаг ба түүнийг тараах нь эрүүгийн шийтгэлтэй үйлдэл юм. Риталин нь кокаин, морфин, амфетамины группт багтдаг. Өсвөрийн үеийнхэнд энэ “эм”-ийг хэрэглэхийг эрс хорьдог. Учир нь эм хамаарлыг маш хурдан гаргахаас гадна сөрөг үр дагавар ихтэй. Аль эрт 11 жилийн өмнө Мансууруулах бодистой тэмцэх газар тусгай зөвлөмж гарган, риталин хэрэглэх нь амиа егүүтгэх санааг төрүүлдэг, маш хүчтэй сэтгэл гутралд оруулдаг. Ийм эмийг хэрэглэсэн хүн орчин тойрныхондоо хэт догшин авирлаж, хүчирхийлэл үүсгэдэг гэж дүгнэсэн байдаг ажээ.

Сануулахад, Байлз дөнгөж 19 настай бөгөөд Америкийн хэмжүүрээр бол насанд хүрээгүй хүн юм. Ийм хүчтэй эм хэрэглэхийг зөвшөөрсөн нь Байлз ямар өвчтэйг төсөөлөхөд бэрх. Рио-де-Жанейрогийн олимпийн дөрвөн удаагийн аварга Симона Байлз өөрөө энэ тухай дуулианы дараа Twitter-т бичихдээ "Эмч өөрийг нь хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй гэсэн онош тавьдаг. Энэ эмийг хүүхэд ахуй цагаасаа хэрэглэж ирсэн" гэжээ. 

Тэрбээр мөн "Би цаг үргэлж сэргээшийн эсрэг журмыг мөрдөж ирсэн, мөрдөх ч болно. Учир нь спортод шударга байх нь хамгийн чухал" хэмээн Байлз бичжээ.

Эгч, дүү Серена, Винус Уильямс нар гидроморфон, оксикодон хэрэглэдэг тухай эх сурвалжууд мөн мэдээлж байна. Гидроморфон нь Америкт нэлээдгүй тархсан мансууруулагч болон өвчин намдаагч эм гэгддэг. Морфинтай төстэй энэ бодист дасах нь амархан. Түүнээс салах гэхэд мансууруулах бодисны хамаарлын өвдөлт, хүслэнгийн сонгомол шинж тэмдэг дагалддаг. Бөөрний дутагдал өвчинд энэ эмийг голчлон хэрэглэдэг. Мөн ханиалгалтын эсрэг ч хэрэглэдэг. Оксикодон нь хар тамхины опийн төрөлд багтдаг мансуулагчийн үндэстэй өвчин намдаах эм юм. Дунд зэргийн болон хүчтэй өвдөлтийн эсрэг мөн хорт хавдарт хэрэглэдэг. Ноцтой мансууруулагчийн шинжийг агуулсан ба богино хугацаанд хамааралд орно.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн материал олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Винус Уильямс мэдэгдэл хийсэн байгаа. Олон хүн постолсон түүний мэдэгдэлд тамирчин бүсгүй эмчилгээний зорилгоор зарим бэлдмэл хэрэглэж ирснээ хүлээн зөвшөөрөөд, спортод үнэнч шударгын төвшнийг нэмэгдүүлэхийн төлөө ямагт зүтгэж ирсэн гэжээ. WTA Insider

Тэрбээр “Миний эмнэлгийн баримтуудыг хакерууд ашиглаж, зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараан, намайг бутуутгах шалтгаан болгосонд би маш их гутарч байна. Теннисний сэргээшийн эсрэг (Tennis Anti-Doping Program) тогтоосон тэр тусмаа “эмчилгээний зорилгоор тусгайлсан” зөвшөөрөл авах болон хүсэлт өгөх үйл ажиллагааны журмыг би ямагт мөрдөж ирсэн. Хакеруудын нийтлүүлсэн материалд байгаа тохиолдлууд нь эмчилгээний зорилгоор бие даасан, нэр нь нууц байгаа эмч нарын бүлгийн хийсэн оношилгоо юм. Би спортод үнэнч шударгын төвшнийг нэмэгдүүлэхийн төлөө ямагт зүтгэж ирсэн ба WADA, USADA, ITF, Tennis Anti-Doping Program зэргийн журмыг үргэлж сахиж ирсэн"  хэмээжээ.

АНУ-ын сагсан бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд Рио-2016 олимпийн аварга болсон Елена Делле Донн амфетамин бодис хэрэглэж ирсэн нь баримтаас тодорхой болов. Энэ нь Норвегийн биатлончид, цаначдын ихэнх хэрэглэдэг багтрааны эсрэг эм биш. Гэм хор нь батлагдаагүй мельдонин ч биш. Магадгүй, тэднээс олон зуу дахин ноцтой ч байж мэднэ. Энэ нь бас л эрүүл мэндэд хор хөнөөлтэй, хүнд мансууруулагч юм. Эмч нарын зөвшөөрөлтэй ч түүнийг зөвтгөх ямар ч аргагүй. Одоо энэ бүгдийн дараа Америкийн сурталчилгааны бүх зэвсэг л Оросын эсрэг “гал нээж” эхлэх нь ойлгомжтой. Ер нь бол Америкийн спортын системийн салшгүй хэсэг нь ахлах сургууль коллежиосоо эхлээд допинг хэрэглэх болсон нь хэнд ч нууц биш болжээ. NBA-гийн одод олимпийн наадам дээр сэргээшийн шинжилгээ өгдөггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Хачирхалтай нь, дуулианы гол эзэн WADA хакерийн довтолгоонд шууд оросуудыг буруутгаж байна.

Харин Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков "Хоосон үгээр, ямар нэгэн баримт баталгаагүйгээр Оросыг буруутгах нь ямар ч байгууллагыг сайхан харагдуулахгүй" гэж тайлбарлав.

Олон улсын олимпийн хороо хакерууд “WADA-гийн мэдээллийн баазад нэвтэрсэнтэй холбоотойгоор нэр дурьдагдсан тамирчид Рио-2016 олимпийн тоглолтын сэргээшийн эсрэг журмыг зөрчөөгүй гэдгийг ОУОХ баталж байна” гэсэн мэдэгдэл хийж, хэрэг явдлын хариуцлагаас өөрсдийгөө мулталж байна.  

Харин Орос, Америкийн спортын дайн үргэлжилж эхэллээ. Хичнээн удаан үргэлжлэх нь тодорхойгүй юм. 
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж