Сүүлийн хоёр сарын дотор төгрөгийн ханш үргэжилсэн уналт үзүүлж байна. Долдугаар сараас эхлэн ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2250 төгрөгтэй тэнцээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр сарын хугацаанд долларын ханш 300 төгрөгөөр өссөн өрх гэр болон аж ахуйн нэгжүүдэд хүндээр нөлөөлж байна.
Зогсолтгүй дээшилж байгаа долларын ханшийг хязгаарлахын тулд Монголбанкны шинэ удирдлагууд бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж буй. Гэвч, долларын ханшийг хязгаарлаж чадсангүй, нөгөө талаар мөнгөний энэ хатуу бодлогын хүрээнд арилжааны банкууд ч зах зээлд гаргаж буй зээл хумиж эхэлсэн юм.
Долларын ханш ийнхүү огцом өссөөр байгаа шалтгаан нь мэдээж нийлүүлэлтийн хомсдол. Гаднаас доллар орж ирэхгүй бол Монгол Улс доллар үйлдвэрлэхгүйгээс хойш ханш нь өсөх нь тодорхой. Доллар орж ирэх бүх л сувгуудын амсар өнөөдөр хаалттай байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч энэхүү түүхий эдийн экспортоос Монголд орж ирэх орлого багассан, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон гээд Монголд орж ирэх долларын хэмжээ улам багассаар байна. Ядаж байхад МАН-ынхан Гадаадын хөрөнгө оруулалтын газраа татан буулгаснаас болоод энэ нь шинэ засгийн бодлогыг хүлээж суусан хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж болон хүрэх болжээ.
Дээр нь төв банкны ерөнхийлөгчийн УИХ-ын танхим хэлсэн “Монголбанкны нөөц хасахтай гарсан” гэх мэдэгдэл ч зах зээл дэх долларын ханшийг дээшээ савлахад хүргэсэн гэж Ардчилсан намын УИХ дахь бүлгийнхэн үзэж буй юм.
Засгийн газар сохор зоос ч үгүй, алдагдалд орсон төсвөө хаанаас нөхөх мэдэхгүй, янз бүрийн л арга чарга эрэлхийлж байгаа бололтой. Эрх баригчид нэг хэсэг татвар нэмэгдүүлэх замаар алдагдлаа нөхөхөөр тооцсон ч олон нийтийн эсэргүүцэлтэй багагүй тулгарсны улмаас энэ бодлоо орхихоос өөр аргагүйд хүрсэн. Гэхдээ энэ бол түр зуурын ухралт, шинэ оны төсөв хэлэлцэх үеэр татвар нэмэх асуудал дахин сөхөгдөж магадгүй гэсэн болгоомжлол ч иргэдийн дунд байна. Мөнгөгүй, эдийн засаг тун хүнд, улс орны биеийн байдал “муу” гээд зарлачихсан болохоор Монголын зээлжих зэрэглэл унаж, таван хувиас 13 хувь болтлоо өссөн гэх мэдээлэл бий. Өмнө нь Чингис бондыг АН-ынхан таван хувийн хүүтэй босгож байсан бол, өнөөдөр Монголын зээлжих зэрэглэл унаснаас 13 хувийн хүүтэй зээл олдож байгаа гэх. Чухамдаа бол энэ бүгд эрх баригчдын амны алдаанаас болсон гэхэд буруудахгүй. Манай эдийн засаг хүнд байна гээд дэлхийгээр зарлачихсан хүмүүст хэн ч бодсон бага хүүтэй зээл өгнө гэж байхгүй.
Төв банк нь хасах нөөцтэй гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч нь зарлаж, Сангийн сайд нь сайн, муу хамаг тоогоо ил болгочихоор Монголын нэр хүнд гадаад зах зээлд эргэлзээ, эрсдэл үүсгэсэн нь мэдээж.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг Шийдлийн Засгийн газар эхлүүлээгүй бол МАН-ын засаг хаашаа харж үхэх байсныг хэн мэдлээ. Ямартаа ч өдрөөс өдөрт өсч байгаа долларын ханшийг Төв банкны хатуу бодлого ч хязгаарлаж чадахгүй нь бололтой.
ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ
USD АНУ-ын доллар |
КРЕДИТ банк | 2,200.00 | 2,233.00 |
Евро Ази | 2,242.00 | 2,244.00 |
"Номин Карт" ББСБ | 2,244.00 | 2,248.00 |
East Eagle | 2,245.00 20.00 | 2,249.00 19.00 |
Капитал банк | 2,235.00 | 2,250.00 |
Төрийн банк | 2,237.00 | 2,250.00 |
Уран уургач | 2,248.00 | 2,250.00 |
Голомт | 2,238.00 2.00 | 2,252.00 2.00 |
ХХБанк | 2,237.00 | 2,252.00 2.00 |
Капитрон | 2,235.00 | 2,252.00 2.00 |
ХААН | 2,238.00 1.00 | 2,253.00 3.00 |
Б.ХОНГОР