Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mоngolia-2016” 14 дүгээр чуулга уулзалт “Корпорэйт конвэншин центр”-т өнөөдөр эхэллээ.
Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол дахь олон улсын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг улсын эдийн засагтай холбоотой тоон мэдээлэл, бодит нөхцлийг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулдаг нь энэхүү чуулганы онцлог.
“Дисковер Монгол 2016" чуулган энэ удаад “Тогтвортой байдлын төлөө” уриан дор болж буй.
Чуулганы эхний өдрийн үдээс өмнө “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэ Ресурс девелопмент” компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли нар Монгол улсын уул уурхайн салбарт дахь өнгөрсөн он жилүүдийн туршлага, алдаа онооны талаар илтгэл тавьсан юм.
"Өнгөрсөн найман жилийн хугацаанд монголчууд бид маш өндөр үнэ, төлөөсөөр сургамж авлаа. Нэгдсэн, тогтвортой бодлогогүй явж ирлээ. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн олборлогчид дэд бүтэц, зах зээл, боловсон хүчнээ булаацалдан дотроо учир зүйгээ ололцож чадаагүй. Гэхдээ дараагийн өсөлт ирнэ. Тэрхүү өсөлтөд бодлогоо бэлдье. Бодлогоороо нэгдэе. Тэрхүү бодлого зөв байх юм бол бизнес явах болно” хэмээн “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Азийн эдийн засгийн өсөлт – Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” илтгэлдээ дурдсан юм.
Чуулганы эхний өдрийн үдээс хойших хуралдаан “Уул уурхайн салбарт нөлөөлөх макро хүчин зүйлс” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Тус чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээний зочид, төлөөлөгч, ивээн тэтгэгч компаниудын тоо өмнөх жилээс буурсан болохыг гадны хөрөнгө оруулагчид тодотгожээ.
Д.УУДАМ