Хэд хоногийн өмнө хотын гудамжинд ээжтэйгээ гуйлга гуйж буй бяцхан охинтой таарлаа. Бяцхан охин нэг нас ч хүрээгүй харагдана. Ээжийнхээ өвөр дээр эрхлэнгүй тоглож, дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг баяртай гэж байгаа бололтой гараараа дохих нь үнэхээр өхөөрдөм.
Бяцхан гартаа барих ч тоглоомгүй тэрээр хаана, юу хийж суугаагаа ч үл мэдэх тул хүн бүр рүү харж инээмсэглэнэ. Хэдий түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, ээжтэйгээ хамт байгаа ч түүнийг харсан хэний ч сэтгэлд далд эмзэглэл төрүүлэх шиг…
Энэ бяцхан охиныг хараад өмсөх дулаан хувцас, дулаан гэр орон, идэх хоол хүнстэй болов уу гэх бодол өөрийн эрхгүй ундарна. Хүмүүсийн нүдэнд байдаг л энгийн үзэгдэл мэт харагдавч үүний цаана хэдэн мянган бяцхан үрс хамгийн наад захын хүнсний хэрэгцээгээр дутагдаж байдаг бол. “Хүүхдийн хүчирхийлэл”, “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр”, “хүүхдийн эрх” гэхчилэн том сэдвийг түр орхиё. Хүүхдүүдэд юу дутагдаж байна вэ, тэд маань эрүүл саруул аж төрөхөд хамгийн түрүүн юү хэрэгтэй байна вэ гэдэг талаар л энэ удаа ярилцъя. Саяхан НҮБ-ын Хүүхдийн сангаас “хүүхдийн” гэх тодотголтой нэгэн судалгааг танилцуулсан юм. Судалгаагаар монгол орны хүүхдүүдэд тохиолдож буй гачигдлуудыг судалсан байна.
Юуны өмнө та гачигдал гэхээр л мөнгө гэж битгий ойлгоорой. Хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг. Учир нь хүүхэд орлогогүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох шаардлагатайг албанынхан хэлж байв.
Уг судалгаанаас харахад Монгол Улсын хувьд 0-23 сар болон 24-59 сартай хүүхдийн 60-66 орчим хувь нь нэгэн зэрэг наад зах нь гурваас доошгүй гачигдалд өртөж байгаа гэнэ. Тодруулбал 0-23 сартай хүүхдийн 9.4 хувь нь бага насны хүүхдийн хөгжлийн хувьд, 76.9 хувь нь орон сууцны болон ариун цэврийн байгууламжийн хувьд гачигдсан, мөн энэ насны 10 хүүхдийн нэг нь эцэг, эхийн анхаарал дутагдсан, 10 хүүхэд тутмын наймаас илүү нь аюултай, эсвэл шаардлага хангаагүй орон байр, ариун цэврийн нөхцөлд амьдарч байгаа ажээ. Ийнхүү хүүхдүүд олон төрлийн гачигдалд өртснөөр хүчирхийлэлд өртөх, хулгай хийх, гадуур тэнэх зэрэг эрсдэлтэй амьдралыг сонгоход хүрдэг байна.
Тэгвэл дээр дурдсан бяцхан охины үеийнхэн буюу 0-23 сартай бүх хүүхдийн тэн хагасынх нь хоол хүнс зөвшөөрөгдсөн хоол тэжээлийн стандарт, шаардлагыг хангаагүй, зургаан сараас доош насны хүүхдэд хөхөөр дагнан хооллох зэрэг нярай болон бага насны хүүхдийг хооллох зөв дадал дутагдалтай байна. Улмаар энэ насны хүүхдийн 40 орчим хувь нь хугацаандаа дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл ээж нь жирэмсэн үедээ шаардлагатай эрүүл мэндийн тусламж аваагүй байна. Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн хэвлийд байхаасаа гачигдалд өртсөн гэсэн үг. Ойлгомжтойгоор өгүүлэх юм бол бид хүүхдүүдээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулж чадахгүй байна гэсэн үг ажээ.
Мөн бүх насны бүлгийн хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал томоохон тулгамдсан асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж.
Бас нэгэн сонирхолтой дүнг танилцуулахад Монгол орны өвлийн улиралд хатуу түлшийг байнга хэрэглэх нь тав хүртэлх настай хүүхдүүдийн 70 гаруй хувийнх нь эрүүл мэндийг муугаар нөлөөлсөөр байгаа анхааруулжээ.
Ардын зүйр үгэнд “Үхтэл үр харам ” гэдэг. Гэвч гэрэлт ирээдүй болсон үр хүүхдийнхээ амьдарч буй орчин, нөхцөлд илүү анхаарах цаг болсныг бидэнд сануулаад байх шиг.