Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ -наас “Шонхор шувууны зүй бус хорогдол, хорогдлын шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний яамны төлөөлөл, МУИС-ийн шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Б.Батбаяр нарын хүмүүс оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь шонхор шувууны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн юм. Аюулгүй байдлыг хамгаалах гэсний учир нь шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогдох явдал сүүлийн хугацаанд ихэссэнтэй холбоотой.
“Зэрлэг амьтан судлан хамгаалах төв” ТББ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард 56 км урт 15 кв-ийн өндөр хүчдэлийн шугамд ажиглалт хийхэд 314 толгой шувуу өндөр хүчдэлд цохиулан хорогджээ. Хорогдсон шонхор шувуудын 61 хувь нь буюу 191 толгой нь идлэг шонхор шувуу байсан аж.
Монгол орны хэмжээнд 6000 км урт өндөр хүчдэлийн шугам байдаг гэж тооцоход жилд дунджаар 4000 ширхэг шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогддог гэсэн тооцооллыг энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа эрдэмтэд хэлж байна.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дамбасамбаас дараах асуултад хариулт авлаа.
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго юу байв. Үр дүнгийн талаар та санал бодлоо хэлэхгүй юу?
-Шонхор шувууны зүй бус хорогдол гэдэг сэдвээр хэлэлцүүлэг хийж байна. Зүй бус хорогдол гэж юуг хэлээд байна вэ гэхээр 15 кВт –ын шугаман дээр суугааж тогонд цохиудж үхээд байна. Эрдэмтдийн гаргасан судалгаагаар жилд 4000 болон түүнээс дээш шонхор шувуу өндөр хүчдэлийн шугамд цохиулж хорогдож байгааг тогтоосон. Иймд хорогдоод байгаа асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ гэдэг их чухал. Тэр ч утгаараа Эрчим хүчний яам болоод мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж байна.
-Одоогоор шонхор шувууг хэрхэн хамгаалах арга барил барьж байгаа вэ?
-Шонхор шувууг Монгол орны бахархалт шувуу гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор 2013 онд Засгийн газар тогтоол гаргаж шонхор шувууг ашиглах зорилгоор хилээр гаргахыг хориглосон. Энэ тогтоол бол одоо ч үйлчилж байна. Гэхдээ зөвхөн төрийн өндөр дээд хэмжээний, албан ёсны айлчлалаар ирж байгаа төлөөлөгчдөд цөөн тоогоор бэлэглэх журмаар шонхор шувууг барьж байна. Ер нь бол барихыг хориглоно гэдэг нь хамгаалалт мөн. Гэсэн хэдий ч хууль бус ан нэлээд гарч байна. Уг асуудал дээр мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллага хяналт тавьж явдаг.
-Зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэхийн тулд 2015 онд ажлын хэсэг гараад ажиллаж байсан. Тэр ажлын хэсэг нь тухайн үед ажиллаж байгаад тарсан. Одоо эргээд сэргээх шаардлагатай байгаа юм. Ер нь бол өндөр хүчдэлийн шугамд стандарт тогтоож, шувуу үргээдэг сэнс тавих, шувуу суудаг суултуур тавих шаардлагатай байгаа юм.
Т.ДАВАА