Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн тус сумын иргэн Н-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэнг эх сурвалж мэдээллээ. Оношийг баталгаажуулахаар өвчтнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийж байна. Мөн тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж эхэлжээ. Иймд малчин иргэд халдварт боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс эмч нар дараах зөвлөмжийг танилцуулж байна.
Боомын голомтот нутгийн малыг боомын эсрэг дархлаажуултад хамруулах
Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх
Үхсэн малын мах, түүхий эд, арьс ширийг ашиглахгүй, бусдад худалдахгүй байх
Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших (тухайн хувцасыг дахин хэрэглэхгүй байх)
Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэт боловсруулж хэрэглэх, мах худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг тодруулах шаардлагатай аж.
Д.ЖАГАР