Эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

ЭНЭШТ-ийн эмч Б.Одгэрэл, С.Очир нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч холбогдогчийн нэг өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Тэдэнд эрүүгийн хуулийн 106.2  зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс  өвчтний бие  махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр  буруутгаж байгаа аж. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Шүүх хуралд хохирогч М.Номинжин охины ээж, түүний өмгөөлөгч, ЭНЭШТ-ийн эмч Б.Одгэрэл, С.Очир нар хүрэлцэн ирсэн байв. Ой есөн сартай М.Номинжин охины тархи үхжиж, өнөөдөр гурван настай хараагүй, сонсголгүй, хүний асаргаанд байгаа аж. Түүний ээж “Эмч нарын хариуцлагагүй байдлаас миний охин насан туршдаа хэзээ ч эдгэрэхээргүй, эрэмдэг зэрэмдэг болсон. Одоо ямар ч эмчилгээ байхгүй ч хүүхдийг маань ийм болгочихоод ажлаа хийж яваа эмч нарт хариуцлага тооцуулахын төлөө өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явж байна. Шүүх хуралд охиноо авч ирье гэж бодож байтал татаж унаад, унтуулах тариа хийгээд хамт ирж чадсангүй. Миний охиныг ийм болгосон хүмүүст харуулъя гэж бодсон юм. Би хүний муу үзэх гээд, мөнгө төгрөг салгах гэж яваагүй. Хамгийн гол нь эмч нарын хариуцлагагүй байдлаас надтай адил олон ээж, аав битгий хохироосой гэсэндээ л хуулийн байгууллагад хандсан. Ирэх сарын 1-нд болох шүүх хурал нээлттэй болно. Сэтгүүлч та бүхнийг ирж сурвалжлаасай, үнэн мөнийг сонсоосой гэж хүсч  байна” гэсэн юм. Дараагийн шүүх хурал ирэх сарын 1-нд 14.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд болох юм байна. Дээрх хэргийн талаар манай сайт өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэхүү хэрэг  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс,  Эх нялхсын эрдэм шинжил­гээний төв, Шүүх эмнэлэг гурвын дунд гурван жил шахам явж эцэст нь охины өвчний түүх өөрчлөгдөж төрөлхийн тархины өвчтэй байсан гэх оноштой болж хувирсан  байна. Мөн охины өвчний түүхийг эмч нар зориудаар өөрчилсөн гэнэ. Тухайлбал “Охины зүрх хоёр удаа зогсч, цаг гаруй хэртээ амьсгал дэмжих эмчилгээ хийснээр амь насыг нь аварсан гэх өвчний түүхээс хуулсан Клиникийн захирал Ш.Энхтөрийн гарын үсэг бүхий бичилт, 2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед зүрх нь хоёр удаа зогссон”  гэсэн тэмдэглэлийг авч шинээр хуудас нааж, нэмэлт бичилт хийсэн байжээ. Түүнчлэн 2009 оны 12 дугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь М.Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас гурван удаа авчээ. Охины өвчний түүхийг авах зөвшөөрлийг өгсөн Клиникийн захирал Ш.Энхтөр “Манайх шинжлэх ухааны байгууллага учир өвчтний түүхийг бүх эмчид өгөх ёстой. М.Номинжин охины өвчний түүх солигдсон гэх асуудал миний мэдлээс хэтэрсэн хэрэг учир хууль хяналтын байгууллага шийдэх байх” гэсэн тайлбарыг өгчээ. М.Номинжин охин шөнийн дөрвөн цаг хүртэл унтдаггүй, хараагүй, сонсголгүй, биеийн байдал нь өдрөөс өдөрт муудсаар байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж