XVII зууны монголчуудын амьдралыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

XVII зууны монголчуудын амьдралыг хэлэлцэж байна

XVII зууны үеийн Монголын улс төрийн зүтгэлтэн, хууль цааз, хөшөө дурсгал, хот суурингийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнг танилцуулж буй “XVII монголчууд ба дотоод Ази” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2016.09.08/ Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус хурлыг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын тоо, хурлын сэдэв жилээс жилд өргөжин, хүрээгээ тэлж байгааг зохион байгуулагчид онцолсон юм. Мөн тухайн үеийн түүхийг Монгол, Орос, Манж, Түвэд, Төв Азийн бусад улс орнуудын харилцаа, улс төрийн бодлогын уулзвар дээр авч үзэж, судалж буйгаараа онцлогтой.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын 20 гаруй эрдэмтэн судлаач оролцож, “XVII зууны улс гүрнүүдийн харилцаа, байлдан дагуулал, соёл зэргээр илтгэл хэлэлцүүлж байна.

Тус хуралд ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгээс оролцож буй судлаач Б.Нацагдорж “Энэ удаагийн хуралд “1696 оны Ханд гүнгийн хэрэг явдал ба Орос Чингийн хоорондох монгол ноёд” гэдэг илтгэлийг хэлэлцүүлж байна. Түүхэнд XVII зууны үед Монгол улс тусгаар тогтнолоо алдаж, Манж чин улсын эрхшээлд орсон үе хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Миний судалгаанаас харахад тухайн үед амьдарч байсан Ханд гүнгийн дагуулж явсан албан харьяат иргэд нь одоогийн БНХАУ-ын Тахар, Барга найман хошуунд, мөн одоогийн Дорнод аймгийн Халх гол суманд, ОХУ-ын Агын Буриадад тархан суурьшсан нь харагддаг” гэв.

Тохокү их сургуулийн профессор Такэхико Иноуэ “Халимаг дахь Зая Бандидын тухай үнэлэмж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Тэрээр “Манж улс Монголыг захирахдаа манж хэл, монгол хэлийг албан ёсны хэлээ болгож байсан. Тиймээс ч ихэнх албан бичгүүд манж, монгол хэлнээ бичигдсэн байдаг. Монголын үндэсний архивт голдуу 18 дугаар зуунаас хойших үеийн албан бичгүүд хадгалагдаж байдаг. Тэрийг бид судлаад, өмнөх зууны манжийн үеийн ахуй амьдралыг судалдаг” гэж ярилаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж