Төрийн нарийныг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.11-нд нийтлэгдсэн

Төрийн нарийныг томилох уу?

Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулалтад тэнцсэн Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрийг маргааш баталгаажуулан Засгийн газарт уламжлахаар болоод байна. Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг бөгөөд энэ сарын 15-ны хуралдаанаараа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрт үндэслэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох бололтой.

Одоогоор Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулалтад тэнцсэн Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөгчдийн нэрсийг албан ёсоор зарлаагүй байгаа ч хэвлэлүүдийн урьдчилсан мэдээллээр таван ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс тодорхой болсон. Үүнд: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар О.Оч, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баясгалан нар томилогдох боломжтой болсон гэж буй.

Тэднээс Б.Баясгалан нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан бол О.Оч нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр, Г.Өнөрбаяр нь мөн Ерөнхий сайдын зөвлөхөөр, Ч.Хашчулуун нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар, Л.Баяртулга нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын даргаар тус, тус ажиллаж байжээ. Үүгээр бол УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүмүүс яамдыг өнгөлөх дүр зураг бууж буй юм.

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонголтыг түр түдгэлзүүлсэн гэх мэдээлэл байгаа бол Засгийн газрын нэгэн гишүүн өөрийн хүнээ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлж буй тухай “бор шувуу” нисэж эхлээд байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж