Найман аймаг, 53 сумын нутгийг дамждаг Орхон гол шороогоор урсаад удаж буй билээ. Удаа дараа Орхон голын бохирдлыг тогтоолгох, буруутныг хайхаар орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг байна. Иргэдийн гомдлын дагуу мөрдөн байцаагчид эхлээд алтны компаниудын хууль зөрчсөн үйлдлүүдийн хохирлын үнэлгээ буюу хэдий хэр хэмжээний талбайг сэндийчиж, Орхон голын бохирдол ямар хэмжээтэй болсныг тогтоохоор хэргийн газарт хохирлын үнэлгээг хийх үүрэгтэй. Хохирлын үнэлгээ тогтоогдсоны дараа тухайн хэрэгт эрүү үүсгэх үү, үгүй юу гэдгийг цагдаа нар шийддэг юм. Гэтэл мөрдөн байцаагчид үнэлгээ хийх мөнгөгүйгээс болж, тухайн хэргийн шийдвэрлэлт удааширч, замхардаг байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэргийн үзлэг, хохирлын хэмжээг тогтоох хөрөнгийг улсын төсвөөс гаргана гэж тусгасан. Бодит амьдрал дээр хэргийн хохирлыг тогтоох, үнэлгээг гаргах хөрөнгийг УИХ, цагдаагийн байгууллагад суулгаж өгдөггүй гэлээ. Энэ нь эргээд гарсан гэмт хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тухай мөрдөн байцаагч нар ярилаа. Хохирлын үнэлгээг хийхэд шаардагдах мөнгө нь хэргээсээ хамаардаг аж. Уул уурхайтай холбоотой байгаль сүйтгэгдсэн том хохиролтой хэргийн үнэлгээг тогтооход заавал 5-6 шинжээч ажиллах ёстой. Тэдэнд өгөх томилолтын мөнгө, ашиглах багаж, хэрэгсэл, бодис зэргийг тооцоод дунджаар нэг га талбайд 10 орчим сая төгрөг шаардагддаг байна.
Орхон голын эхэд алт олборлодог хэд хэдэн компанид 2011 онд Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тухайн үед алтны компаниудын байгаль, гол мөрөнд учруулсан хохирлын үнэлгээг тогтоохдоо шинжлэх ухааны академийн шинжээч, байгаль орчинд үнэлгээ хийдэг хувийн компанийн ажилтан, мэргэжлийн хяналтын уул уурхайн хяналтын байцаагч нарт цалин өгөхгүй зөвхөн хоолны мөнгийг нь өгч ажиллуулсан байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний багт төлбөр төлөхгүйгээр Мөрдөн байцаах газрынхан хохирлын хэмжээг тогтоолгон Орхон голыг бохирдуулсан этгээдүүдэд эрүү үүсгэж, хэргийг шийдвэрлэж байсан гэлээ. Үнэлгээг тогтоохгүй мөнгөгүй цагдаа нарт хөлсгүй ажиллах шинжээчдийн баг ч ховорхон олддог аж. Байгаль орчинг бохирдуулан газрыг нь сэндийчэж, голыг нь бохирдуулсан хэрэг Архангай, Өвөрхангай аймгийн нутагт уул уурхайн үйлдвэрлэлээ дагаад их гардаг. Иймээс цаашид тусгайлан тус аймгуудын цагдаагийн газрын төсөвт хохирлын үнэлгээнд зориулсан хөрөнгийг суулгаж өгдөг байхыг ч мөрдөн байцаагчид онцоллоо. Саяхнаас Өвөрхангайн Уянга сумын Өлтийн уурхайн үйл ажиллагааг зогсоох захирамжийг Засаг дарга нь гаргажээ.
Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилий ой тохиож буй. Ойгоо угтан энэ салбарынхан ийнхүү хэрэг шийдвэрлэлтийн явцад ямар асуудлууд тулгамддаг, үүнийгээ цаашид хэрхэн засч, сайжруулах вэ зэрэгт хариулт хайж, мөрдөх байцаах албаны удирдах ажилтны зөвөлгөөнөө хийж байна.
Зураглаач Н.БАТМӨНХ