Хөдөө аж ахуйн биржид энэ долоо хоногт дөрвөн өдөр арилжаа хийгджээ. Лхагва гарагт сарлагийн хөөвөр 28 тонныг нэг кг тутмыг нь 500-2000 төгрөгийн ханшаар арилжаалсан байна. Харин даваа гарагт долоо хоногийн хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжааг хийжээ. Үүнээс боловсруулаагүй, цагаан, цайвар, бараан ноолуурыг 51 мянга 400-64 мянган төгрөгийн дундаж ханшаар нийт 228.7 тонныг арилжаалжээ. Энэ өдрийн арилжааны нийт дүн нь 12 тэрбум төгрөг болсон тухай эх сурвалж мэдээллээ. Харин баасан гарагт 1.3 тэрбум төгрөгийн түүхий эдийг ХАА-н бирж арилжаалсан байна. Ойрын өдрүүдэд багассан ямааны ноолуурын арилжаа 1.16 тэрбум төгрөг болжээ. Тодруулбал боловсруулаагүй цагаан ноолуурыг нэг кг тутмыг нь 61 мянга 800 төгрөгөөр, цайвар ноолуурыг 51 мянга 100 төгрөгөөр, бараан ноолуурыг 49 мянга 900 төгрөгөөр тус тус худалдсан юм. Үүнээс гадна 32 тонн тэмээний ноосыг нэг кг тутмыг нь 4400-5400 төгрөгийн дундаж ханшаар арилжсан байна.
Д.ЖАГАР