“Ливерпуль” 3:0 “Уэст хэм”

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” 3:0 “Уэст хэм”

Английн Премьер лигийн “Ливерпуль” клуб өнгөрсөн шөнө Энфилд цэнгэлдэхдээ Лондонгийн “Уэст хэм”-ийг хүлээн авч, 3:0 харьцаатай төвөггүй буулган авснаар Аваргуудын лигийн эрх бүхий лигийн эхний дөрөвт багтах боломжоо нэг алхмаар урагшлуулав. Ингэснээр Рафа Бенитезийн “Улаанууд” 59 оноотой болж, хүснэгтийн дөрөвт эрэмбэлэгдсэн “Тоттенхэм”-ээс таван оноогоор хоцорч, зургадугаарт бичигдээд байна.
“Ливерпуль” хэдийгээр шилдэг довтлогч Торресгүйгээр талбайд гарсан ч багийн тоглолт сайтай байж, ердөө 19 дэх минутад “Уэст хэм”-ийн экс-тоглогч Йосси Бенаюун Стивен Жеррардын чөлөөт цохилтыг чулуу болгож, тооны харьцааг нээжээ. Эхний гоолоос хойш арван минутын дараа тооны харьцаа 2:0 болсон бөгөөд гоолын эзэн нь франц довтлогч Дэвид Н’Гог байв. Тоглолтын хоёрдугаар хагасын 59 дэх минутад “Уэст хэм”-ийн азгүйтэл дахин үргэлжилж, хаалгач Роберт Грин өөрийнхөө хаалганд бөмбөг оруулснаар тооны харьцаа 3:0 болсон байна.
Хоёр багийн тоглолтыг 37697 үзэгч үзэж сонирхсон нь энэ улирлын тоглолтууд эхэлснээс хойш анх удаагаа Энфилд цэнгэлдэхэд 40 мянгаас бага тооны хөгжөөн дэмжигчид цугларсан нь тэр байв.
“Ливерпуль”-ийн дараагийн тулаан нь Европын лигийн хагас шигшээд Испанийн “Атлетико Мадрид”-тай хийх тоглолт юм. Хоёр багийн тоглолт пүрэв гаригийн үдэш Испанийн нийслэл Мадрид хотноо болох боловч Исландын галт уулсын үнсэн үүлний улмаас Европын агаарын зам хаагдаж, улмаар “Улаанууд” өнөөдөр өглөө аяллын автобусаар замдаа гарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж