Явсны ч балаг, ирсний ч балаг

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Явсны ч балаг, ирсний ч балаг

Явсны ч балаг, ирсний ч балаг

Монголын нийт эрчүүдийн 15 хувийг хамарсан хэлмэгдүүлэлтийг сануулах өдрийн яг өмнөхөн нь хүний эрхийг хангах багц таван хуулиас татгалзаж, ялын бодлоготой шоронжсон хуулийг үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэрийг эрх баригчид гаргалаа. Ардын хувьсгалаас хойш 95 жилийн 86-д нь дангаараа эрх барьсан МАН түүхийн өнгөтэй, өөдтэйг нь өмчилдөг ч өнөө хэр нь хэлмэгдэгсдийн үр удмаас уучлалт гуйсангүй. Үр хүүхдүүд нь жилээс жилд цөөрсөөр байна.

Энэ мэт хуулиар далайлган хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүй байхаар олон мянган хүний боловсруулж, долоо хэмжиж нэг огтолсон гэхэд болох ус агаар мэт үгүйлэгдэж байсан эрүүгийн багц шинэчлэл ирэх жил хүртэл хойшлогдов. Ерөнхийлөгч хэдийгээр хориг тавьсан ч энэ Их хурлын бүрэлдэхүүн үнэхээр нэг тоосонгүй.

Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэдгийг бодит жишээ нь энэ. Өнөөгийн олонхи үнэндээ энэ цаг үеийнхээ эхний бөгөөд чухал шаардлагыг мэдэрсэнгүй.

Одоогийн эрх баригчид ч бус үүнд өмнөх УИХ-ын дарга З.Энхболд ч буруутай. Түүний удирдаж асан УИХ яагаад өөрийн үндсэн үүргээ биелүүлж, хуулийг ёсчлоогүй вэ? Монгол хүн бүхний эрхтэй холбоотой ийм амин чухал асуудлыг нэг мөр дуусгаагүйгээрээ тэд өнөөдөр нийгмийн өмнө буруутан болж харагдах нь зүйн хэрэг.

Хэрвээ өмнөх УИХ-ын дарга ёсчилсон бол… Хэрвээ шинэ парламентийн гишүүд энэ шинэчлэлийн мөн чанар, иргэд, нийгмийнхээ хүлээлтийг мэдэрч, дутууг нь гүйцээж, бэлтгэлээ хангаад, хэрэгжүүлэхийн төлөө “нам” гэх өчүүхэн ашиг сонирхлоо хойш тавин, гарц хайсан бол… Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг эргэцүүлж, олон талаас нь бодож, цөөнх болсон эрх баригчдаа буруутгахыг гол зарчмаа болгоогүй бол олон мянган хүний эрх зөрчигдөлгүй, цогцоор нь хүний эрхийг хангах чухал зохицуулалт үйлчилж эхэлсэн өдөр түүхэнд МАН-ын нэрээр бичигдэх байлаа. Хамгийн гол нь хэдэн мянгаар тооцогдох монголчуудын эрх зөрчигдөхөөс хамгаалж, хийсэн хэрэгтээ таарсан шийтгэл авдаг тогтолцоо үйлчилж эхлэх байлаа.

Харамсалтай нь тэгсэнгүй. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” багц хуулийг УИХ 26 дугаар тогтоол төдийхнөөр өнөөдөр үйлчлэх хугацааг нь хойшлуулж байна. Маргааш харин бодлого, зорилгыг нь бүхэлд нь өөрчлөөд буцаагаад оруулж ирэхгүй гэсэн баталгаа алга.

УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрэн бүрдээгүй тул Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан хэдий ч эцсийн найруулга нь хийгдэж, ёсчлогдоогүй хэд хэдэн хуулиудыг буцаалаа” гэж онцолсон.

Олон нийтийн шууд эсэргүүцэлтэй тулгарсан МАН-ын эрх баригчид хүчирхийллийг эсэргүүцсэндээ бус орон нутгийн сонгуулиар ялагдахгүй гэсэндээ Гэр бүлийн хуулийн төслийг хоногийн дотор шахам боловсруулах аядаад батласан. Энэ хууль бол сандал, суудлын төлөө нэг өдөр хойшлуулж, дараа өдөр нь боловсруулаад батлачихдаг “гэрийн даалгавар” биш билээ.

Дараа жилийн долдугаар сарын 1 гэдэг зүгээр ч нэг тооцсон тооцоо биш. Түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард нь болно. Долдугаар сарын 1-ний хар өдөр шиг биш юмаа гэхэд МАН яаж, ийж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хориг тавих хүнгүй болсон цагтаа асуудлыг өөрсдийнхөө шийдвэрлэхээр төлөвлөсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Шүүгчийн цалинг ярихдаа зургаахан сарын дараа та нарын дураараа дургидаг цаг чинь дуусна гээд буйн цаана “Бүх эрх мэдлээ бид нар авна” гэсэн санаа цухалзаад буй нь нууц биш.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “40 хүн шинээр орж ирсэн гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу. Өнөөдөр мөнгө, эдийн засаг хэцүү байна. Үүн дээрээ нийлээд ажиллая. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ. Хуулийн шинэчлэлийг буцаасан гэсэн нэр авч яах юм бэ” гэж хэлж байсан” гэдгийг хэлээд “Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ” гэж ч учирласан аж.

Ерөнхийлөгч мөн “Монголын ард түмэн 96 жил цус, хөлс, хүч, хөдөлмөрөөрөө энэ бэлтгэлийг хангасан юм шүү. Ясандаа тултал ойлгосон байгаа шүү. Энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэж ухуулаад ч МАН-ынхан зүгээр л сонсохыг ч хүссэнгүй.

Олон нийтийн шууд эсэргүүцэлтэй тулгарсан МАН-ын эрх баригчид хүчирхийллийг эсэргүүцсэндээ бус орон нутгийн сонгуулиар ялагдахгүй гэсэндээ Гэр бүлийн хуулийн төслийг хоногийн дотор шахам боловсруулах аядаад баталсан. Энэ хууль бол сандал, суудлын төлөө нэг өдөр хойшлуулж, дараа өдөр нь боловсруулаад батлачихдаг “гэрийн даалгавар” биш билээ.

УИХ-аас явсан З.Энхболдын алдааг түүний оронд ирсэн М.Энхболд давтаж эхлэв. Харин хохирол нь гурван сарын хугацаатай монголчуудын эрх ашгаар хэмжигдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж