“Жирэмсэн байсан эхчүүд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

“Жирэмсэн байсан эхчүүд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай”

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу ихэсдэг. Мөн хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж буй энэ үед улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай гэх мэдээлэл байна. Тиймээс энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгалиас тодрууллаа.


-Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор улаанбурхан дахин дэгдэх магадлалтай гэх мэдээлэл байна?

-Манай улс ДЭМБ-аас батламж авснаас хойш 2015 оны гуравдугаар сард улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш уг өвчний хоёр ч том дэгдэлт гарсан. Хүйтний улирал эхэлж буйтаа холбоотойгоор мөн хүн ам ихэссэн энэ үед улаанбурхан өвчины вирус идэвхжих магадлалтай. Ялангуяа 0-8 сартай хүүхдүүд улаанбурхан тусах өндөр эрсдэлтэй.

-Өнгөрсөн тавдугаар сард 18-30 насныханд улаанбурхны вакцинжуулалт хийсэн. Үүнд иргэдийн хэдэн хувь нь хамрагдсан бэ?

-Энэ оны тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 18-30 насныхныг вакцинжуулалтад хамруулсан бол 2015 оны тавдугаар сард зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийг улаанбурхны вакцинд хамруулсан. Өнгөрсөн тавдугаар сарын улаанбурхны нэмэлт вакцинжуулалтаар 600 гаруй мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч уг вакцинжуулалтад иргэд 88.1 хувьтай л хамрагдсан. Эдгээр хүмүүсийн цаана нь 70 гаруй мянган хүн зорилтот вакцинжуулалтад хамрагдаагүй үлдсэн гэсэн үг.

-Зарим иргэд улаанбурхны вакцин хийлгэсэн учраас дахин хамрагдахгүй гэдэг. Нэг удаа вакцин хийлгэсэн бол насан туршид нь дархлаа тогтоно гэж ойлгох нь бий?

-Манай улс 1973 оноос хойш улаанбурхны вакциныг хийж эхэлсэн. Түүнээс хойш 1989 он хүртэл уг вакциныг нэг тунгаар хийж байсан. Вакциныг хүний биед хоёр удаа хийвэл бүрэн дархлаа тогтдог. Харин вакциныг нэг удаа хийвэл аажимдаа сулардаг юм. 1973 оны хүмүүс одоо 40 настай болсон байна. Тэгэхээр энэ насныхан улаанбурхан тусах өндөр эрсдэлтэй. Харин 1989 оноос хойно төрсөн иргэд харьцангуй өвдөх эрсдэл бага. Гэхдээ тухайн үед вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй хүмүүс олон бий. Одоо ч гэсэн 100 хувь вакцинжуулалтад хамрагдахгүй 95-98 хувьтай байна шүү дээ. Жилд дунджаар 80 мянган хүүхэд шинээр төрдөг гэхээр түүний 2-5 хувь гэхээр вакцинжуулалтад хамрагдахгүй байна. Магадгүй хувиар ярихад бага тоо мэт санагдавч тоонд шилжүүлэхээр хэчнээн мянган хүүхэд вакциндаа хамрагдаагүй байдаг.

Улаанбурханаар өвчилж буй хүний тоо тасрахгүй байна. Өнөөдрийн байдлаар нэг тохиолдол бүртгэгдсэн. Долоо хоногт 6-9 тохиолдол бүртгэгдэж байгаа. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл нийслэлийн дөрвөн дүүрэг, улсын гурван аймагт бүртгэгджээ. 

-Өнгөрсөн хавар улаанбурхан өвчнөөр олон хүүхэд нас барсан. Бага насны хүүхдүүд дахин өвдөх магадлал бий юу?

-Ер нь улаанбурхнаар өвдсөн нийт тохиолдлын дийлэнхийг 0-8 сартай хүүхдүүд эзэлж байна. Учир нь хүүхдүүдэд улаанбурхан өвчний вакциныг есөн сартайдаа хийдэг. Бид энэ насны хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс хамгаалж чадахгүй байгаа учраас хамгийн түрүүнд өртөж байна. Мөн тэднийг төрүүлж буй 18-30 насны ээжүүд бас дархлаагүй байгаа. Дархлаагүй ээжээс дархлаагүй хүүхэд төрдөг. Тиймээс тухайн үед жирэмсэн байсан эхчүүд улаанбурхны вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай. Улаанбурхан өвчний халдварлалт 95 хувийн өндөр эрсдэлтэй байдаг. Энэ үед нэг хүний эргэн тойронд байгаа 10 хүн халдварлана. Түүний цаана дахин 10 хүн өвдөнө. Ер нь улаанбурхан өвчнөөр аль ч насны иргэд өвдөх магадлалтай.

-Одоо улаанбурханы дэгдэлт хэр байна. Өдөрт хэчнээн тохиолдол бүртгэгдэж байна вэ?

Ер нь улаанбурханаар өвчилж буй хүний тоо тасрахгүй байна. Өнөөдрийн байдлаар нэг тохиолдол бүртгэгдсэн. Долоо хоногт 6-9 тохиолдол бүртгэгдэж байгаа. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл нийслэлийн дөрвөн дүүрэг, улсын гурван аймагт бүртгэгджээ. 

-Улаанбурхан өвчнөөс хэрхэн хамгаалах вэ. Эмч мэргэжилтний зүгээс зөвлөгөө өгөхгүй юу?

-Иргэд нэн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай. Вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс манай сайн дурын танхимд 10 мянган төгрөгөө төлөөд вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Хүйтэнд даарч, хөрөхгүй байх, сайн амарч, тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь чухал. Мөн та есөн сартай, хоёр настай хүүхэдтэй бол товлолын дагуу вакцинд нь бүрэн хамруулах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд улаанбурхнаар өвдөхгүй байх болно. Эрсдэл өндөр байгаа 0-8 сартай хүүхдүүдэд гадуур явж буй 18-30 насны иргэд халдвар тараах магадлалтай байдаг. Тиймээс өөрийгөө хамгаалаад зогсохгүй эргэн тойронд байгаа дүү нартаа халдвар тараахгүй нь тулд урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж