Хамелеон өр 88 хүрсэн үү, хүрэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Хамелеон өр 88 хүрсэн үү, хүрэх үү?

Дэлхийн хамгийн хүчирхэг улс гэгддэг АНУ-ын гадаад өр ирэх жилүүдэд ДНБ-ий 86 хувьд хүрнэ гэсэн тооцооллыг хийж байна. Харин Монгол Улсын өрийн босго одоохондоо ДНБ-ий 58 хувьтай тэнцэж буй. Одоохондоо гэдгийн учир нь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр ДНБ-ий 88 хувьтай тэнцэх хэмжээнд очих гэж байна. Ингэснээр дөрвөн тэрбум ам.долларын зээл авах боломжийг Засгийн газар бий болгох аж.

Энэ талаар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Авчихсан өр нь босгыг ийм хэмжээнд хүргэчихсэн, түүнд нь шилжүүлэн өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм. Дөрвөн жил худлаа төсөв баталж ирсэн. Ингээд л одоо өр ДНБ-ий 88 хувьд хүрчихээд байна. Тиймээс төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахад хүрсэн” гэж тайлбарлажээ.

Тэгвэл ердөө наймхан сарын өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 13-нд тэрээр “Өнөөдөр өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэж АН тохирооноосоо гурав дахь удаагаа буцаж байна. Өр нэмэгдэнэ гэдэг нь цаанаа эдийн засгийн олон олон сөрөг үр дагаврыг авчирна. Тиймээс МАН өрийн таазыг нэмж болохгүй гэдэг байр суурийг барьж байгаа. Өрийг биш хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тархи толгой, үзэл бодол, сэтгэлгээгээ өөрчилж байж Монгол Улс хөгжинө” хэмээн тэс өөр зүйлийг хэлж байжээ.

Монгол Улсын гадаад өр нэг хэрнээ хэн, ямар байр сууринд байхаас хамаараад тоо нь өөрчлөгддөг, хачин хувьсагч болсон нь энэ.

Ер нь эдийн засагчдын хэлж буйгаар бид гадаад өр, өрийн босго, хязгаарын талаар мэдлэг муутай, яг нарийн учрыг нь ойлгодоггүйгээс эдийн засагт хор, хөнөөл учруулахуйц мэдэгдэл, шийдвэр гаргаж иржээ.

Сангийн сайдын мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээл дээр Монголын хувьцааны үнэ савлаж, унасан талаар брокерууд гомдоллож, сөрөг хүчнийхэн мэдэгдэл хийсэн. Зээлжих зэрэглэл маань ч буурсаар буй.

Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар бол өрийн босго 70 ч биш бүр 88 хувьд хүрсэн болж таарав. Тэнгэр газар шиг ялгаатай тоо. Энэ тухай яриа гарах болгонд эдийн засагчид Засгийн газ­рын өрийг нийт өрөөсөө салгаж тооцохыг байнга сануулдаг ч улстөрчид хоолтойгоо “холиод идчихдэг”.   

Гэхдээ  засгийн үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд олон улсын хэм хэмжээг зөрчиж, Засгийн газар тогтоосон босгоосоо илүү өр тавих боломжийг бий болгосон гэж эдийн засагчид шүүмжилдэг. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөн засагтаа ч биш, парламенттай холбоотой. Он оны төсвийг тэд л батладаг. Өмнөх засагтаа тулбал, 2012 оны МАН-ын Засгийн газрын “Чалько”-гоос зээл авч, тараасан өрийг одоо Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газар төлж, одоо хэр нь дуусгаагүй байгаа. Нүүрсний олборлолтоо нэмэгдүүлсэн ч зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур ханшаар нийлүүлэхээр гэрээ байгуулчихсан учраас өр нь дундардаггүй талаар Эрдэнэс-Тавантолгойнхон гомдоллодог нь арга ч үгүй биз. Гэхдээ “мэргэжлийн” тодотголтой Засгийн газарт дахиад өр тавьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхөөс өөр аргагүй.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өрийн босгыг нэмж, улсаа үгүй хийх нь гэж улс төржиж байсан МАН-ынхан ердөө хэдхэн сарын дараа Ч.Сайханбилэгийн санал болгосноос 18 хувиар өрийн босгыг нэмэх санал гаргаж байна. Эдийн засгийн үзүүлэлт, бодлого нь бодит нөхцөл байдлаар бус хэн хэдэн суудалтай байхаас хамаарч дээшээ эсвэл доошоо савладаг хачин сонирхолтой математик монголчуудад үйлчилж байна.

Гадныхнаас зөвлөгөө авъя гэхнээ хөрсөн дээр буусан бодит тоо байхгүй болохоор байгаа оносон зөвлөгөө өгөх нь юу л бол. Эсэргээрээ урвуу үр дүнг ч үзүүлэх нь тодорхой. 

Нөгөөтэйгүүр Сангийн яамнаас эхлээд нарийн мэргэжлийн, шалгарсан эдийн засагчид зайлшгүй байх ёстой салбарт хэн дуртайг нь тавьж, тооцоо судалгаа бус тушаалаар ажлаа хийдэг хүмүүсээр төрөө самардагийн хар гай энэ. Хохирол нь улс орны мөхөх, сэхэхтэй холбоотой болж байна. Дэндүү өндөр төлбөр биш гэж үү?

Ирэх оноос монголчууд бондын мөнгийг эргүүлэн төлж эхэлнэ. Тиймээс хойшоо харж хэрүүл хийж байгаад нүхэнд унах бус урагшаа харж, оногдсон цаг хугацаандаа оновчтой бодлого барьж, шаардлагатай арга хэмжээнүүдээ Засгийн газар аваад явах нь чухал. Хэрэвзээ Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газруудад асуудлаа шийдээд явах боломжийг нь олгосон бол өнөөдөр бид ийм нөхцөл байдалд хүрэх ч үү, үгүй ч бил үү. Тиймээс хоосон улстөржилтөө одоо зогсоогоод нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээ нэг болгоод эрх баригчдын тааллаар статистик гаргадаггүй болмоор байна. Өнөөдөр худал мэдээлэл өгөх нь ард түмнийг хэсэгтээ хуурч болох ч улсаа хохироох аюултайг хаа хаанаа л ойлгох ёстой болов уу?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж