Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

-Оросын офицер Евроазийн дарангуйлагч болох шахсан түүх-

Михаил Карповын өгүүллийг буулгахдаа байгаагаар нь буулгахыг хичээв. Энд нэг зүйл ажиглагдсан нь энэ сэтгүүлч редакцийнхаа даалгавраар бичихдээ хам хум материалтай танилцсан нь илт. Чойжин ламын музейн далаад оны гэрэл зургийг тавиад 1908 оны өргөө эсвэл Богд хаан оргилуун дарсанд дуртай гэсэн зэргээс үзвэл Карпов түүхч биш төдийгүй монголчуудын талаар хомс мэдлэгтэй нэгэн гэдэг нь харагдана. Ингээд түүний бичсэн энэхүү өгүүллийг сонирхолтой болов уу гэсэн үүднээс орчуулан хүргэж байна.

1921 оны есдүгээр сарын 15-нд Ленины тушаалаар Новониколаевск хотод цагаан гвардийн офицер Роман фон Унгерн Штернбергийг буудан цаазалжээ. Тэр жилийнхээ хоёрдугаар сард тэр Монголыг Хятадын гамин цэргээс чөлөөлсөн хүн, VIII Богдын хойд дүр гэж тооцогдож иржээ.

1921 оны хоёрдугаар сарын 4-нд Монголын нийслэл хүрээний хятад гарнизон тайван унтаж байлаа. Үүнээс хоёр хоногийн өмнө Цагаан гвардийн генерал Роман фон Унгерн-Штернбергийн Азийн дивиз ойр хавийн хятад цэргийн байрлалд цохилт өгөн тэднийг дийлжээ.

Хятадын цэргийнхэн ухрахаар завдсан ч амжсангүй. Хүрээний шөнийн тэнгэрийг оросын дохионы пуужин гэрэлтүүлэв. Энэ дохиот сумыг харуулын цэрэг сум алдсанаас тавьсан нь тогтоогдов. Хятадын цэргийнхэн түүнийг дайрах дохио гэж хүлээн авч, бүх зэвсгээ ашиглан хариу гал нээжээ. Бароны цэргүүд дайралтад ороод хот руу нэвтрэв. Цагаан морьтой барон өөрөө цэргүүдээ шахан хөөж явлаа.

Хятадын гамин цэрэг эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр ухарлаа. Хотын гарнизоны 3000 цэргээс найман зуу орчим нь амьд гарсан ажээ. Бусдыг нь устгажээ.

Дүүжлүүр

Үйл явдал үүгээр өндөрлөсөнгүй. Хоёр хоногийн дараа хүрээний зах шатав. Бүгдийг л галдаж гарав. Урд өдөр нь хотын талх барих газрын зууханд нэгэн хөвгүүнийг большевикуудтай холбоотой гээд амьдаар нь шаран хөнөөжээ. Унгерн улаантнуудтай ёстой нэг үзэх шиг болж байлаа.

Хүрээний Маймачен дүүрэг замбараагүй байдалд нэрвэгдлээ. Азийн дивизэд багтаж байсан монголчуудад хятадуудыг дээрэмдэх нь ердийн хэрэг байсан бол бароны цэргийнхний харигслал дэндүү байжээ. Дэлхийн нэгдүгээр, Орос-Японы хоёр дайныг туулсан Унгерны европ хамтран зүтгэгчид нь уяанаасаа алдуурсан ноход шиг л хүчиндэж, дээрэмдэж, алж талж байлаа.

Өргөө, 1908 он

Унгернд алсын төлөвлөгөө байлаа. Тэрээр нутгийн хүмүүст тулгуурлан Оросын хувьсгалтай тэмцэн улаантнуудыг бут ниргэн хаант засаглалыг сэргээх хүсэлтэй байсан аж. Тэгээд л барон өөрсдийн хүмүүсийн зэрлэг ажиллагааг зогсоохоор болов. Гэрч нарын яриагаар энд тэнгүй дүүжлүүр байж түүнд бүх насныхны цогцос савлан байжээ.

Нэгэн орос цэрэгт чавганц нарын араас нь очин багалзуурдан хөнөөх нь сайхан санагдаж гэнэ. Унгерн монголчуудад зэрлэгээр хандахыг хатуу цээрлүүлэх тушаал гаргасан байв. Харин тэр тушаал нь бүрэн гүйцэт биелсэнгүй. Чавганц нарыг боймлон хөнөөгч арваад хүний аминд хүрсний дараа л хатуу шийтгэлээ авсан байв. Гурав хоногийн дараа Унгерн хатуу журам тогтоон дээрэм тонуул хийсэн хүмүүсийг хүний өөрийнгүй шийтгэх болов. Удалгүй замбараагүй байдал зогслоо. Гэхдээ тэр нь еврей нарт хамаагүй байсан юм. Тэдний антисемит-барон өөрөө үзэн яддаг байлаа.

Тухайн үед хүрээнд еврейчүүдийн гэр бүл цөөнгүй байжээ. Унгерны казакууд тэднийг талан цөлмөв. Антисемитизм гэдгийг огт мэдэхгүй монголчуудад тэр нь гайхал төрүүлж байсан гэх. Еврей нарыг морьтой казакууд гудамжаар хөөн, нийтийн өмнө цээрлүүлэн тамалж байв.

Дээрээс заяагдсан засаг

Зөвхөн долоо хоногийн дараа хотод эмх журам тогтоож, гудамжийг үхдлээс, барилга байшинг будагдсан цуснаас цэвэрлэжээ. Ингэж Богд хааныг чөлөөлөх ёстой байсан Хүрээг дайран эзлэлт төгсчээ.

Барон фон Унгерн-Штернберг

Хятадуудын гэрийн хорионд суулгасан Богд гэгээн Унгерны зүтгэлийг магтан түүнийг Монголыг чөлөөлөгч гэж нэрлэв. Бароны эр зоригийг магтаж, монгол газар нутгийг муугийн хорлолоос ангижруулагч гэж Богд хаан үнэлж байлаа. Тэрээр түүнийг бараг хаан болгоод бүх эрхийг өгсөн юм.

Хотыг эзэлсний дараа Унгерн өөрийн талынхныг монгол стилийн хувцсаар хувцаслаж Жавзандамбын өмнөх V Богд гэгээний хойд дүр гэж өөрийгөө тодруулжээ. Энэ нь хачирхалтай сонголт байлаа. V богд онцгойрч байсангүй, VIII Богд гэгээн өөрийгөө түүний хойд дүрээр зарласан байдаг… Гэсэн хэдий ч барон хойд дүр гэдгийг зөвшөөрүүлээд барахгүй хаан цол авч түүнийгээ үе залгамжлуулах эрхтэй болжээ.

Бурхад, хаад, эх орон

Монголын хааныг чөлөөлсөн нь Унгерны хувьд зүгээр нэг улс төрийн үйлдэл байсангүй. Түүний үзсэнээр тэр бурхны заяат хааны нэрийн өмнөөс улсыг удирдах ёстой байж. Тэр хаан нь Богд гэгээн болох ёстой. Барон түүний засаглалыг сайжруулан шинэчилснээр Ази ба дэлхийн хувьд шинэ найдлага төрүүлнэ гэдэгт итгэлтэй байв. Үе залгамжилсан хаант засаглал л улсыг хувьсгалаас хамгаална гэж тэр тооцож иржээ. Бароны үзэл бодол нь тэр цагийн орос үндсэрхэг үзэлтнүүдийнх шиг байж. Гэхдээ тэр үүнээс хальсан байлаа. Хаадын дээдсийн заяаг хаант засаглалын олон хүн хүлээн авч Оросыг эртний Ром, Византийн залгамжлагч, хаан нь бурхны элч гэж үнэн алдартнууд үзэж иржээ.

Унгерн зөвхөн нэг овгийн хүрээ ба шашнаар явсангүй. Тэрээр бүх эзэн хаадаас тэдний итгэл үнэмшлэлээс үл хамаарсан бурхны гарлыг олж харжээ. Түүний хувьд, бурхны заалтаар хүн язууртны хүрээнийх үү эсвэл ердийн нэг махан биетэн үү гэдгээс л ялгааг нь олж харж ирэв.

Далайн дээрэмчин өвөө ба загалмайтнууд

Дэлхийд шударга ёс тогтоох нь Монголоос эхлэнэ гэсэн хачин санаа яагаад түүнд төрөв? Немец-блтийн эртний овгоос гаралтай барон хүүхэд ахуй цагтаа өөрийн ургийн модоо бүтээж зураглаж эхлэв. Тэр эцгийн талын өвөө нь загалмайтнуудын удмынх, энэтхэг жононгийн удирдлага дор британий хөлөг онгоцнуудыг живүүлж байсан гэж зарлажээ.

Роман фон Унгерн-Штернберг

Энэ бүгд нь бодит амьдралтай төдийлөн нийцээгүй ч өгөөмөр далайн дээрэмчний дүр хүүгийн зөгнөлийг хөгжүүлж өгсөн байлаа. Ингээд тэр өөрийн ертөнцөд бүгэх болов. Эцэг, эх нь салсан нь түүний шалтгаан болсон бололтой. Нэг их удалгүйгээр Монголыг чөлөөлөгч маань түүний өвөө Энэтхэгт явсныхаа дараа буддизмыг шүтэх болсон гэв.

Түүний амьдралын нэг чухал үе нь 1905 оны тариачдын үймээн болсон юм. Энэ үеэр Унгерны хэд хэдэн эдлэн хэлмэгдэж нэг нь юу ч үгүй болтол шатсан байна. Тэр үед бүдүүлэг юу ч хийхээс буцахгүй, бүхнийг үзэн яддаг ядуу нөхрийн дүр төрх залуу баронд төржээ. Дадал болсон заншлыг бусниулсан хувьсгалын ард хэн зогсож байна вэ? Унгерн бүх зүйлд саарал бүлгийг турхирах еврей нар л буруутай гэдэгт бүрэн итгэлтэй болжээ.

Гимназийг дүүргээд кадетын сургуульд суралцсан барон далдын ид шидийг сонирхож, буддизм ба барууны гүн ухааны номууд, Данте, Достоевский, Ницшегийн бүтээлүүдийг ихээр уншдаг болов. Дараа нь Унгерн зурхайн ухаан үзэж, цаашид өөрийн үйлдлийг од гаригстай холбон тайлбарлаж иржээ.

Кадетын корпуст суралцаж байснаа түүнийг дүүргэлгүйгээр тэр Орос-Японы дайнд энгийн цэрэг болон явжээ. Гэхдээ байлдаанд нь оролцсонгүй. Дараа нь Павловын нэрэмжит явган цэргийн дунд сургуульд суралцжээ. Ингээд 1908 онд казакийн зуутын дарга болон Алс Дорнод руу Монголын зүг томилогдон явлаа.

Энд түүний бүрэлдэн тогтсон үзэл бодлын үр хүчтэйгээр соёолж эхэлжээ. Өөрийгөө загалмайтнуудын үр удмынх мөн гурав дахь үеийн буддист гэх тэрээр цэргийн буддистуудын нууц бүлгэм бий болгон еврей нарын хувьсгалтай тэмцэнэ гэж боджээ. Унгерн 1913 онд цэргээс халагдсаны дараа Монголд Хятадын эсрэг тэмцэж байсан Жа ламтай нийлэх гэж үзэв. Дэлхийн нэгдүгээр дайныг тэр таатайгаар хүлээн авч фронтод явлаа. Унгерн 1917 оны хувьсгалын дараа генерал Корниловын самуунд нэгдсэн юм.

Бослого нь дарагдсаны дараа тэр дахиад л Алс Дорнодыг зүглэн өөрийн номнолыг хэрэгжүүлэхээр оролдов. Унгерн самууны галд дүрэлзсэн Барууны эсрэг загалмайн аян дайн хийхийг мөрөөдөж байжээ. Түүнд нь язгууртнуудаа хүндлэх уламжлалаа мартаагүй Азийн түмэн туслах ёстой байж. Буддизим нь Монгол, Хятадын Цин овогт түшиглэн Евроазийн “оюун, сэтгэлийн шинэчлэл” болох ёстой байлаа. Бароны эцсийн зорилго нь Номхон далайгаас Каспийн тэнгис хүрсэн өргөн уудам нутагт Чингис хааны шинэ эзэнт улсыг байгуулах явдал байсан юм.

Барон байсан, барон үгүй болсон

Богд хаан

Унгерны үзэл бодол нь Богд хаанд огт падгүй. Тэрээр өөрийн аюулгүй байдлыг л эрхэмлэж иржээ. Өөрөө чөлөөлөгдөөд хоёр хоногийн дараа Бээжин, Москвад захидал илгээн тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн, Унгерн түүнийг хулгайлан барьцаалсан гэж байжээ.

Барон цол хэргэмдээ удаан байсангүй. Улаан арми Монголд давшиж, түүний тагнуул туршуулууд нь Унгернд ойртох боломжийг хайж байлаа. Азийн дивизийнхээ тусламжтайгаар тэр Оросын хилийн зүг амжилтгүй аян дайн хийгээд ялагдав. Долдугаар сард улаан цэрэг Хүрээг эзлэв. Наймдугаар сарын 20-нд Түвд рүү зугтах гэж байсан Унгерныг өөрийг нь олзлоод Новониколаевск (өнөөгийн Новосибирск) хотноо авчирсан байна.

Бароны байцаалтанд өгсөн мэдүүлгээс харахад, түүнийг цэргүүд нь алсаас харж байг гээд монгол дээл өмсдөг гэжээ. Мөн Богд хаан оргилуун дарсанд дуртай байсан гэж мэдүүлсэн байжээ. Унгерныг 1921 оны есдүгээр сарын 25-нд шүүгээд тэр оройдоо буудан цаазалжээ гэж Михаил Карпов өгүүллээ төгсгөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж