Өнөөдөр есдүгээр сарын 11 буюу АНУ-ын түүхэнд хамгийн олон хүний амийг хөнөөсөн террорист халдлагын хар өдөр. 2001 оны энэ өдөр алан хядах аль-Каида бүлэглэл нисэх онгоц барьцаалан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөс 3000 орчим хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэмтэж бэртсэн юм. Өдгөө ихэр цамхгийн буурин дээр Дэлхийн худалдааны шинэ төв сүндэрлэжээ. Харин халдлагын улмаас өнчирсөн 18-аас доош насны 3,051 хүүхэд энэ эцэг, эхээ алдсан эмгэнэлт өдрийг гашуудан дурсаж байна.
9/11 өдрийн террорист халдлагыг дурсан ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “АНУ хэзээ ч террористуудад ялагдахгүй” гэдгийг онцолжээ. Тэрбээр “Халдлагад амиа алдсан 3000 орчим гэм зэмгүй хүн хохирсон. Тэд бидний эхнэр, нөхөр, охин, хүү, хөрш, хамт ажиллагч, найз байсан. Тэд АНУ болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, янз бүрийн шашинтай, олон үндэстний хүмүүс байв. Бид халдлагын дараа шуурхай ажиллаж олон хүний амийг аварсан бүх хүмүүст талархал дэвшүүлж байна. Террористууд АНУ-ыг хэзээ ч ялахгүй. Тэдний ганц найдвар нь биднийг, бидний амьдралын хэв маягийг өөрчлөх оролдлого юм. Гэвч бид америкчууд хэзээ ч айхгүй. Бид энэ өдөр 9/11-ны жинхэнэ утга учрыг нэхэн санаж байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CBS news
Б.АНХТУЯА