Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /НӨАТ/ дагуу иргэд худалдан авалтын бар кодтой тасалбараа бүртгүүлж, сугалаанд оролцдог болсон. Тэгвэл энэ хугацаанд 53 мянга гаруй иргэн 2.2 тэрбум төгрөгийг сугалааны хонжвор хэлбэрээр авчээ.
Сүүлийн саруудад НӨАТ-ын урамшууллын системд хандаж хаяг нээж, баримтаа бүртгүүлэх иргэдийн тоо улам нэмэгдсэн байна. Одоогоор 819 мянган хүн НӨАТ-ын урамшууллын системд баримтаа бүртгүүлдэг болж хэвшжээ. Ингээд тохирол явагдсанаас хойш 20 хоногийн дотор хонжворын мөнгө нь дансанд нь орж байгаа аж. Иргэдийн хувьд хаяг нээхдээ овог, нэр, утасны дугаар болон урамшуулал хүлээн авах дансны дугаараа зөв бичихийг албаныхан санууллаа. Учир нь дансаа буруу бичсэнээс үүдэн урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрэх тохиолдол гарч байгаа аж.
Иргэдийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд хоёр хувийн буцаан олголтоо авах эрх нь үүсэх юм.
Та НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд нэн тэргүүнд баримт хэвлэж өгч буй худалдаа үйлчилгээний байгууллагаар өдөр тутам үйлчлүүлэх хэрэгтэй. Ингээд баримт дээрх бар кодоо ebarimt.mn рүү хандаж бүртгүүлэн, хэрэглэгчийн бүртгэлээ нээх юм. Энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм. Мөн тухай бүрд нь бүртгүүлсэн тохиолдолд та азтан болбол ebarimt.mn сайт дахь таны хуудсанд мэдээлэл ирнэ. Одоогоор сүлжээ дэлгүүрүүд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг суулгажээ.
М.КЕЙТ