Бурхан хулгайлсан этгээдүүд давж заалджээ

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

Бурхан хулгайлсан этгээдүүд давж заалджээ

Одоогоос хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдийн музейгээс хосгүй үнэт соёлын өвд багтдаг долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарч байсан билээ. “Эрдэнэзуу” хийдээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайлагдсан бурхад нь XVIII зууны дунд үеийнх, тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог. Мөн хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй гуулин цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан юм. Энэхүү хулгайн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байцаагчид хоёр жилийн хугацаанд мөрдөж, өнгөрсөн зун сэжигтнүүдийг олж баривчилсан. Сэжигтнүүдийг баривчлах үед хулгайд алдагдсан долоон бурхны гурав нь эвдэрч, үүрсэн байжээ. Улмаар бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг Хархорин сум дахь сум дундын шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч н.Тэгшжаргал, н.Мөнхзул нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураан авсан юм. Мөн 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шүүгдэгчид дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсаныг эх сурвалж мэдээллээ.

Эртний бурхад, үзмэрүүдийг хулгайлах хэрэг тасрахгүй байна

Монгол Улсын Төв музей болон аймгуудын музейд эртний бурхан, шүтээн хадгалагдаж байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил музейн хамгаалалт стандартын дагуу хийгдээгүйн улмаас бурхан хулгайлах хэрэг удаа дараа гарсан. Тухайлбал, 2011 оны гуравдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн музейд хадгалагдаж байсан хоёр метр өндөр, 200 кг гаруй жинтэй бурхныг хулгайлсан хэрэг болсон. Гэмт этгээдүүд урьдаас төлөвлөн музейн цахилгааны кабелийг сүхээр цавчиж цахилгаангүй болгон манаачийг хүлж орхиод зугтаасан юм. Мөн "Эрдэнэзуу" хийдэд өмнө нь хулгай орж байсан гэлээ. Тус хийдийн Далай ламын сүмд халдаж Галданзуу бүтээлийг хулгайлсан байдаг. Энэхүү хэргийг хятадуудын захиалгаар хийсэн хэмээн гэмт хэрэгтэн мэдүүлэг өгч байсан удаатай. Өндөр гэгээний урласан Ногоон дарь эхийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун чойрын хийдээс 2011 онд гэмт этгээдүүд хулгайлсан аж. Энэхүү бүтээлийг өмнө нь хоёр ч удаа хулгайд алдаад буцааж олсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн одоогоос таван жилийн өмнө Төв музейд хадгалагдаж байсан 1911 оны Монгол улсын төрийн тамганы хуулбар болон 1912 оны Сэцэн хан аймгийн тамганы хуулбарыг хулгайчид алдсан юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж