“Зорчигч тээврийн төвийг нүүлгэх шийдвэр гараагүй”

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

“Зорчигч тээврийн төвийг нүүлгэх шийдвэр гараагүй”

Л.БАЯРСАЙХАН: СОНГИНОХАЙРХАН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТӨВИЙГ НҮҮЛГЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ГАРААГҮЙ

Бидний нэрлэж заншсанаар Драгон автовокзал буюу Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх тухай мэдээлэл олон нийтийн дунд цацагдсан. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Л.Баярсайханаас тодрууллаа.

-Драгон автовокзалыг нүүлгэх талаар тодруулахгүй юу?

-Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэнэ гэх мэдээлэл өчигдрөөс хойш олон нийтийн сүлжээгээр их цацагдлаа. Автотээврийн үндэсний төвийн салбар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байгаа бөгөөд цаашид нүүлгэх асуудлаар эрх бүхий байгууллагуудаас ямар нэг албан ёсны шийдвэр гарч манай байгууллагад мэдэгдээгүй байна.

-Ер нь зорчигч тээврийн төвийг нүүлгэх тухай шийдвэрийг хаанаас гаргадаг вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран энэхүү асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь ганцхан өдөр хуралдаад шийдчих асуудал биш шүү дээ. Тооцоо, судалгаан дээр үндэслэх ёстой. Учир нь энд замын хөдөлгөөний түгжрэл, дэд бүтэц, тохижилт үйлчилгээ, стандартын шаардлага болон улс, хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлж байгаа иргэд болон үдэн гаргах, угтан авах хүмүүст чирэгдэл үүсгэх гээд олон асуудал давхар яригдана.

-Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн ачаалал ер нь ямархуу байдаг вэ?

-Манай Сонгинохайрхан зорчигч тээврийн төв ОХУ-ын Улаан-Үд хот болон орон нутгийн 16 аймгийн 51 чиглэлд 41 аж ахуйн нэгж, байгууллагын 696 тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг, ачаалал ихтэйн хувьд ихтэй байдаг. Үүнтэй холбогдуулаад манай тээвэр зохицуулагчид болон автотээврийн улсын байцаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Цаашид ч  бид бүхэн энэ асуудал дээр анхаарч иргэдэд аль болох хүндрэл чирэгдэл бага учруулах талаар зохих арга хэмжээг авч ажиллана.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж