УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 төсвийн хүрээний мэдэгдэл 2017, 2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, хариултыг хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Вексель гэдэг нэрийн доор баахан хүн хулгай хийсэн мэт ойлголт төрүүлж болохгүй. Би Б.Чойжилсүрэн сайдад хэлсэн. Олон нийтэд ил гаргаач. Баахан хүн хулгай хийчихсэн юм шиг яриад байх юм. Засгийн газрын шийдвэргүйгээр нэг ч сайд гарын үсэг зурдаггүй юм. Эрдэнэбатыг шоронд хийх гээд байгаа бол зарла. Битгий худлаа юм яриад бай.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрээс 1,5 тэрбумыг 4,5 хувийн хүүтэй гаргасан. Гэтэл одоо 4 тэрбумын зээл авах юм байна. Үүнийг хаанаас авах юм бэ?
Тэр бондоор олон аж ахуй нэгжийг тэжээж тэтгэж явсан юм.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Тэр их бондоор юм хийсэн гэж ярьж байна. Долоон их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж эдийн засагт оруулсан. Энэ бүхний үрийг энгийн иргэд, төр засаг үүрсэн. Байгаа байдлыг байгаагаар нь танилцуул байна. тэр бүхнийг шүүмжлээд байх шаардлагагүй.
-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -2016 оны нэгдүгээр улиралд Засгийн газар 18 хувиас давсан хүүтэй бонд босгосон мэдэж байгаа. Энэ зээлийн хүү хамгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна. Иймээс бид олон улсын санхүүгийн байгууллагаас хүү бага, урт хугацаатай зээл босгоод, өмнөх авсан бондоор солих тухай асуудлыг судалж байна.
Одоогийн байдлаар зургаан төгрөгийн орлого олоод 2,4 төгрөг зээлийн хүүнд төлөөд байвал энэ улс чинь яаж цааш явах юм. Концессийн тухайд шалгаж байна. Ирэх долоо хоногт үр дүнг нь танилцуулна.
Ийнхүү УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулсан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж эхэллээ.
Т.НОМИН