Паралимп: Байт харвааны тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.11-нд нийтлэгдсэн

Паралимп: Байт харвааны тэмцээн эхэллээ

Паралимп: Байт харвааны тэмцээн эхэллээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны паралимпийн XV наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд 159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар хөнгөнатлетик, дугуй, жүдо, паурлифтинг, буудлага, усанд сэлэлт зэрэг   спортын 7 төрөлд медалийн эзэд тодорсон. Манай улсаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, Хорват, Индонез, Саудын Арабын ард 60-р байрт бичигдлээ. Одоогоор 61 орон медаль хүртсэнээс БНХАУ, Их Британи, Украйн, АНУ, Бразил эхний тавд бичигдэж байна.

“Рио 2016” паралимпийн наадмын байт харвааны тэмцээн өчигдрөөс эхэллээ.

40 ОРНЫ ХАРВААЧИД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр байт харвааны тэмцээн эхэллээ. Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав дөрөв дэх, эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа оролцож байгаа бол А.Анхбаяр анх удаа өрсөлдөж байна.

“Рио 2016” паралимпийн наадмын байт харвааны төрөлд 40 орны 137 тамирчин эрэгтэй 79, эмэгтэй 58 70 метрийн рекурв, 50 метрийн компаунд болон W1 ангилалд ганцаарчилсан, холимог багаар өрсөлдөх юм.

Энэ удаагийн XV удаагийн паралимпийн наадамд БНХАУ 12, Их Британи 11, БНСУ-аас 10 тамирчин оролцож байгаа бол зохион байгуулагч орноос найман тамирчин өрсөлдөж байна. Мөн Австрали, Азарбайжан, Колумб, Гүрж, Казахстан, Шри-Ланк, Сингапур, Швед зэрэг 10 орноос нэг харваач иржээ. Харин ОХУ-ын 12 харваач паралимпийн наадмын эрхээ авсан ч оролцох боломжгүй болсон. Манай улсаас анх удаа эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөх бөгөөд 70 метрийн рекурв төрөлд ганцаарчилсан болон холимог багт хүч үзнэ.

МАНАЙ УЛСААС АНХ УДАА ПАРА БАЙТ ХАРВААГААР БАГИЙН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨНӨ

Бямба гаригт2016.09.10 эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваа явагдлаа.

70 метрийн Рекурв төрлийн эрэгтэйчүүдийн чансаа тогтоох харваа болж, 33 тамирчин оролцож байгаагаас Д.Баатаржав 583 оноогоор 20, А.Анхбаяр 572 оноогоор 24 байрт жагслаа. 15 тамирчин 600-с дээш оноог авсан бөгөөд Ираны тамирчин Р.Эбрихим 637 оноогоор Паралимпийн наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийд чансаагаараа дөрөвт бичигддэг тамирчин бөгөөд энэ жил 46 настай.

Манай тамирчид хасагдах шатны эхний харваагаа БНСУ-ын харваачидтай хийхээр болсон. Эрэгтэйчүүдийн хасагдах шатны харваа есдүгээр сарын 13-ны өдөр болно.

70 метрийн Рекурв төрлийн эмэгтэйчүүдийн чансаа тогтоох харваанд 32 тамирчин харваснаас Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт жагслаа. Энэ төрөлд 10 тамирчин 600-c дээш оноог авсан бөгөөд БНХАУ-ын Юү Зинжин 637 оноогоор паралимпийн наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Холимог багийн төрөлд Бразил, БНХАУ, Чех, Франц, Их Британи, Герман, Иран, БНСУ, Польш, Монгол зэрэг 16 орон өрсөлдөнө. Урьдчилсан харваанаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тухайн орны эрэгтэй, эмэгтэй нэг харваач баг болон өрсөлдөх юм. Манай улсаас Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нарын чансааны оноо 1146 болж, 11 байрт бичигдсэн.

Багийн харваанд Иран-Франц, Их Британи-Тайвань, БНСУ-Бразил, Латви-Итали, Польш-Ирак, Монгол-Герман, Тайланд-Турк, Чех-БНХАУ оноолт таарчээ.

Холимог багийн харваанд анх удаа өрсөлдөх гэж байгаа манай багийн хэсэгт БНХАУ, Польш, Тайланд, Турк, Иракийн баг багтсан. Энэ төрөлд өндөр амжилтыг үзүүлдэг Иран, БНСУ нөгөө хэсэгт багтжээ.

Багийн харваа ням гаригт9.11 болж, медалийн эзэд тодорно.

ХУВААРЬ:

Багийн харваа: 9.11. Улаанбаатарын цагаар өнөөдөр 21.15-c эхэлнэ.

  • Монгол  – Герман Улаанбаатарын цагаар 23.15-с эхэлнэ

Ганцаарчилсан харваа: 9.13, эрэгтэй

Ганцаарчилсан харваа: 9.15, эмэгтэй

ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

Дамбадондог БААТАРЖАВ

  • 1961.06.02, Дорнод аймгийн Баян-Уул сум
  • Монгол Улсын паралимпийн наадмын анхны аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ОУХМ
  • Сидней 2000”, “Афин 2004”, “Бээжин 2008” паралимпийн наадамд оролцсон
  • 2015 оны ДАШТ-ий VII байр, “Рио 2016”-н эрхээ авсан
  • “Бээжин 2008” алт
  • Азийн наадмын алт, мөнгө, хүрэл
  • Азийн тивийн аваргын алт, мөнгө, хүрэл
  • Анхны багш: ОУХМ Шагдарын Бямбасүрэн
  • Дасгалжуулагч: Спортын мастер Б.Золбоо
  • Үндэсний шигшээ баг, “Добуу мэргэн” клуб

Амарбаясгалан АНХБАЯР

Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр анх удаа Зуны паралимпийн наадамд оролцож байна.

  • 1982.10.29, Орхон аймгийн Баян-Өндөр сум
  • “Бангкок 2015” Азийн АШТ мөнгөн медаль, “Рио 2016” эрх
  • Спортын дэд мастер
  • Дасгалжуулагч: Спортын мастер Б.Золбоо
  • Анхны багш: ОУХМ Т.Цогтбаяр
  • Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клуб

Буянжаргал ОЮУН-ЭРДЭНЭ

Үндэсний шигшээ баг, “Добуу мэргэн” клубын тамирчин Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа Зуны паралимпийн наадамд өрсөлдөж байна.

  • 1984.08.02, Орхон аймгийн Баян-Өндөр сум
  • “Лондон 2012” паралимпийн наадамд оролцсон, Спортын мастер
  • Пара байт харвааны эмэгтэй тамирчдаас анх удаа хоёр дахь паралимпид оролцож байна
  • 2016 оны VI сард Чех улсад болсон эрхийн тэмцээнд I байр эзэлж, “Рио 2016” эрхээ авсан
  • “Лондон 2012” – IX байр
  • “Гуанжоу 2010” Азийн паралимпийн наадам V байр
  • “Бангкок 2011” Азийн паралимпийн аваргын хүрэл
  • Дасгалжуулагч: Спортын мастер Б.Золбоо
  • Анхны багш: ОУХМ н.Насанбат
  • Үндэсний шигшээ баг, “Добуу мэргэн” клуб

Ч.БОЛОРЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж