Хэлмэгдэгсдийн хүүхдүүдээс 500 орчим нь амьд байна

Хуучирсан мэдээ: 2016.09.10-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн хүүхдүүдээс 500 орчим нь амьд байна

Г.Лхамсүрэн гуай Дорнот аймгийн Дашбалбар сумын уугуул. Түүний аавыг хоёр ахын хамт 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр амийг нь хөнөөжээ. Тэр үед Г.Лхамсүрэн гуай гурван настай байсан. Одоо тэрээр 83 нас хүрчээ. Тэрээр жил бүрийн энэ өдөр /2016.09.10/ Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлдэг аж.

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монголд улс анх 1993 оноос эхлэн энэ өдрийг хэлмэгдэгсдэдээ хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарласан бөгөөд 1996 оноос албан ёсоор хүндэтгэл үзүүлсээр ирсэн байна. Тэр цагаас  хойш 21 дэх жилийг ардаа үджээ.

“Цаазлагдсан улс төрийн их хэлмэгдэгсдийн хүүхэд” ТББ-ын тэргүүн судлаач Д.Дашдаваа “Монгол улсад 1921 оны 7 дугаар сараас Нийслэлд хүрээг чөлөөлөлцсөн монгол цэргийн жанжидаас баривчилгаагаар их хэлмэгдүүлэлт Түүний дараагаар 1922 онд 15 хүн, 1924 онд 14 хүнийг буудан хороосон. Энэ улс төрийн хэлмэгдүүлэлт 1930, 1940 онд оргилдоо хүрч, насанд хүрсэн эрэгтэй хүмүүсийн 20 хувийг баривчилж, 15 хувийг нь хэлмэгдүүлэн буудан хороосон байдаг. Ийм өргөн цар хүрээтэй харгислал дэлхий дээр Монголоос өөр ямар ч оронд болоогүй” хэмээн цагаан хоолой барин ярилаа.

Хэлмэгдүүлэлтийн үеэр эцгээ, шоронд хориулж, цаазлуулж, гэр бүлийнх нь хөрөнгийн хурааж, бүх насаараа өнчирч, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд барагцаалбал  40-өөд мянга байжээ. Харин өнөөдөр хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд 80 наснаас дээш настай ахмадууд болж, 500 хүрэхгүй хүн нь л амьд үлдээд байгаа аж.

Тэнд цугласан ахмадууд “Биднийг үхэхээс өмнө хэлмэгдсэн хохирлыг минь барагдуулаад өгөөч гэж үе үеийн төр засгаас гуйсаар ирсэн. Өмнөх гурван удаагийн Улсын их хурал бидний хохирлыг барагдуулна гээд 12 жил хууран мэхэллээ. Энэ удаагийн Улсын их хурал арай хуурахгүй байх гэж найдаж байна” гэж байлаа.

Мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр эмэгтэйчүүд ч гэсэн давхар өртөж байсан тухай  “Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын эмэгтэйчүүдийн тэргүүн Ж.Лүмбийн зээ охин О.Цэрэннадмид  хэлэхдээ “Их хэлмэгдүүлэлтийн үеэр эмэгтэйчүүд ч гэсэн ихээр өртөж, амь насаа алдсан байдаг. Үүний дотор Хэнтий аймгийн хошууны дарга Д.Дунгаржид, Богд хааны бага хатан Н.Гэнэнпил, Г.Дэмид жанжны гэргий Б.Навчаа зэрэг сэхээтэн сор болсон эмэгтэйчүүдийг жирэмсэн байхад нь тарчлааж хөнөөсөн. Мөн эмэгтэй хүн амьд үлдсэнээрээ хэлмэгдсэн шүү дээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад буриад зон олноор амьдардаг байсан. Тухайн үед тэнд хонь гаргах ч эрэгтэй хүн олдохгүй байсан гэж ярьдаг” гэв.

Энэ үеэр зарим ахмадууд улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Учир нь төр засгаас түүхийг балруулдах, хэлмэгдсэн хүмүүсийг цөөрүүлэхийн тулд шийдвэр гаргахгүй байна. Хэлмэгдэгсдийн хүүхдүүд төр засгийн шийдвэрийг хүлээсээр насны тоо маань ч гүйцэж байна” хэмээн цөхрөнгүй өгүүлцгээж байв.

Төр засгаас 1998 онд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нэг сая төгрөгийг нэг удаа олгосон бөгөөд үүнээс хойш ямар ч нөхөн олговор олгоогүй гэдгийг цугласан ар гэрийнхэн нь хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж