“Бидэнд хүрлээс илүүтэй нөөц байлаа”

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

“Бидэнд хүрлээс илүүтэй нөөц байлаа”

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадмын эхний өдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн тэмцээн боллоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн болсон юм.

Ингээд пара жүдо бөхийн хорооны ахлах дасгалжуулагч Б.Базарсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө медаль хүртсэн дөрвөн секундын агшнаас яриагаа эхэлье. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг та юу гэж хэлэх вэ?

-Мэдээж тэр үеийн сэтгэл хөдлөлийг хэлэхэд хэцүү байна. Үнэндээ би тухайн үед юу болоод өнгөрөв гэж бодогдож байсан. Яах аргагүй цэвэр ялалт байлаа. Гол нь Ууганхүүгийн өрсөлдөгч паралимпийн алт, хүрэл медальтай тамирчин шүү дээ. Энэ ялалт бол пара жүдогийн хөгжилд маш том гарцыг авчирсанд баярлаж байна. Бас ялалтын агшин барилдаан эхлээд хэсэг хугацаанд болдгийг харуулж чадлаа. Энэ их гайхалтай ялалтыг үзэгчийн тэр уухайн дуунд сонсох сайхан байсан.

Та Б.Ууганхүүг медалийн төлөөх шийдвэрлэх барилдааны өмнө юу гэж захисан бэ?

-Тухайн тамирчны өмнөх барилдаануудыг харж байсан болохоор хөл дээр нь сайн ажлаад өгөх хэрэгтэйг зөвлөсөн. Мөн Японд ялагдсан ялагдлыг бодох ёсгүйг сануулсан. Түүний хувьд Японд ялагдсан ялагдал хүнд байсан нь ойлгомжтой.

Манай тамирчинд Японы бөхийг ялах боломж байсан уу?

-Байсан. Барилдааны төгсгөлд тактикийн алдаа гарав уу даа гэж харагдлаа. Хэрвээ юүко үнэлгээгээ хадгалаад ялалтаа баталгаажуулсан бол хагас шигшээд Румын тамирчинг хожин финалд үлдэх боломжтой байсан. Тиймээс бидэнд хүрлээс илүүтэй нөөц байлаа.

-66 кг-ын жинд барилдах байсан А.Мөнхбат жингийн илүүдлээс болж Риогийн татамид гарч чадсангүй. Таны хувьд үүнд тайлбар өгөх юу?

-Жүдо бөхийн дүрэмд байдаг нөхцөл байдал болсон. Тухайн жингийн гурван тамирчнаас нэмэлт сорилтыг авдаг. Харин энэ удаа манай тамирчнаас сорилт авахад 70 кг-д хүрсэн байсан. Энэ бол дүрмийн дагуу хасагдах боломжтой нөхцөл. Мэдээж үүнд бидний алдсан дутагдал байгаа.

-2012, 2016 оны паралимпийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж олимпоос олимпийн хооронд гол төлөвлөгөө яригдаж байдаг. Бид Риод медаль авах зорилготой ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара жүдогоор хичээллэж байгаа нь хоёр л хүн байна. Тиймээс бид чадлынхаа хэрээр явлаа. Энд ирэх хугацаа их хүнд байсан. Хэдийгээр Риогоос нэг медальтай буцаж байгаа ч түүхэн амжилтийн эхлэлийг тавьж чадлаа. Тиймээс бид Риод амжилттай оролцож чадлаа. Манай хоёр тамирчин нэг өдөр барилдах байсан учраас хоёр дасгалжуулагч ажиллах шаардлагатай байсан. Тиймээс Б.Нарантуяа дасгалжуулагч Риод ирсэн.

Пара жүдогийн тамирчдын хувьд эрхийн ямар ямар тэмцээн байдаг вэ?

-Пара жүдогийн тэмцээн цөөхөн байдаг. Дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ, Хараагүйчүүдийн Дэлхийн наадам, Азийн наадам байна. Мөн хоёр жилд нэг удаа болдог Гранпри тэмцээн бий. Бидний хувьд энэ цөөхөн тэмцээнд аль болох оролцоод явбал амжилт ахих боломжтой.

Риогийн наадмын дүгнэлтийг хэлэхгүй юу?

-Мэдээж их зүйл яримаар байдаг. Магадгүй энэ наадам бидэнд маш том сургамжийг өглөө. Бидний хувьд хүрэл медалийн өнгийг өөрчлөх боломж байсан. Гэхдээ эцсийн үр дүнд манай тамирчин дөрвөн секундэд медалийн болзол хангасан нь гайхалтай байлаа. Бразил улс бидэнд их сайхан энергийг өглөө гэж харж байна. Ууганхүү өнгөрсөн гуравдугаар сард энд болсон тэмцээнээс алттай буцаж байсан. Тиймээс энэ удаагийн наадамд төлөвлөснөөс бага амжилтыг үзүүлсэн ч өрсөлдөөний талбар ямар хатуу байдгийг бүгд харлаа.

“Токио 2020”-д та бүгдийн төлөвлөсөн зүйл юу байгаа вэ?

-Олимпийн наадам өнгөрсний дараа дараагийн олимпийн цикл эхэлдэг. Пара жүдочдын хувьд илүү олон эрх авч оролцох төлөвлөгөөтэй. Мөн эмэгтэй жүдочыг оролцуулах тал дээр ажиллах болно. Манай хоёр тамирчин 2013 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болсноор бэлтгэлийн системд томоохон дэвшил болсон. Энэ хугацаанд төр засгийн дэмжлэг маш их байлаа. Мөн залуучуудын шигшээ багийн хүчин зүтгэл гарлаа. Тэд хоёр тамирчинтай хамран бэлтгэл хийсэн байгаа. Бид бүхэнд тусалсан бүгдэд талархаж байна. Энэ медаль олон хүний дэмжлэгийн хүчээр ирсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж