Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадамд Монголын ширэн бээлийтнүүдээс цор ганц медаль хүртсэн нь ОУХМ Д.Отгондалай. Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн аж. Олимпийн медальтан өчигдөр /2016.09.08/ төрж, өссөн Дорнод нутагтаа очжээ. Уугуул нутгийн зон олон хийгээд гэр бүлийнхэн нь түүнийг алд цэнхэр хадаг, сүү өргөн угтсан байна. Д.Отгондалайг Олимпийн дэвжээнээ зодоглож байх үед нь түүний ээж хөлөө бэртээсэн ч медалийн тавцнаас буух хүртэл нь нууж явсан байна. Ижийгийнх нь хөл өнөөг хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа бөгөөд хүүгээ тэргэнцэртэй угтжээ.
Риогийн олимпт анх явахад нь л Д.Отгондалайг олимпоос медаль авч, байрныхаа лизингийг төлөх гэж байгаа тухай олон нийтийн сүлжээгээр нэгэн найз нь жиргэсэн нь бий. Тэгвэл Д.Отгондалай олон жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, олимпийн хүрэл медальтан болсон төдийгүй байрныхаа лизингэд санаа зовохооргүй болж, хэд хэдэн байртай болов. Д.Отгондалайд төрсөн нутаг Дорнод аймгийнхан нь гурван өрөө байр бэлэглэжээ. Дорнодчууд олимпийн тэнгэрт эх орныхоо, нутаг усныхаа нэрийг гаргасан авьяаслаг тамирчнаа байраар мялаасан бол түүний багш Ё.Төмөрбатаа, Б.Эрдэнэбаяр нарт мөнгөн шагнал өгсөн байна.
Д.ЦЭЭЛ