Паралимпийн шинэ “баатар”

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

Паралимпийн шинэ “баатар”

Риогийн паралимпийн нээлтийн ёслолд Беларусын спортын зүтгэлтэн Андрей Фомочкин ОХУ-ын төрийн далбааг барьж жагсан эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ өдрүүдийн гол дуулианы нэг болоод байна.

Олон улсын паралимпийн хорооноос урьдчилан анхааруулсан ч тэрбээр ОХУ-ын багийн далбааг барьж жагсаалд оролцсон бөгөөд нээлтийн дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “ОУПХ, Спортын арбитрын шүүхээс Оросын багийг хавчин гадуурхаж, энэ удаагийн наадамд оролцуулаагүйд би маш их бухимдаж байгаа. Энэ үйлдэл бол миний хувийн санаачилга. Тийм учраас миний эсэргүүцлийг манай багт хамааруулахгүй байхыг хүсье. ФИФА-гийн удирдлагын авлигын хэргийг түрүү барин сүрдүүлж байгаа учраас ОУПХ, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг Оросын паралимпийн багийн эсрэг ийм зүй бус шийдвэр гаргасан гэж харж байгаа. Энэ мэт спортод шударга бус зүйл олон давтагддаг боллоо. “Рио-2016” олимпийн үеэр шудрага бус явдлын эсрэг зарим орны тамирчин, дасгалжуулагчдын гаргасан үйлдэл, эсэргүүцэл зөв байсан шүү гэдгийг хэлмээр байна. Намайг Оросын далбааг барьж жагссаны төлөө олимпийн тосгоноос хөөсөн ч би хийсэн үйлдлийнхээ төлөө хэнээс ч уучлал гуйхгүй” хэмээн ярьжээ. Түүний ярьсан багш, дасгалжуулагчдын тэмцэл гэдэг нь Монголын чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнарангийн барилдаан, хоёр багшийн тухай бололтой.

Паралимпийн “гол баатар”-аар тодроод буй Андрей Фомочкины Оросын далбаа барьж жагссан үйлдэлд тус улсын ерөнхийлөгч А.Лукашенко байр сууриа илэрхийлэхдээ “Тэр Оросын далбааг цэнгэлдэхэд авч орох тухайгаа надад өмнө нь хэлж байсан. Гэхдээ зөвшөөрөх юм уу хориглох эрх надад байгаагүй. Паралимпийн нээлт дээр ОХУ-ын далбааг барьж жагссан нь манай багийн санаачилга, байр суурь байсан гэж хэлж болно. Бид оросын паралимпийн багтай найрсаг, нөхөрсөг, спортын ах дүү, үнэнч шударга өрсөлдөгчийн харилцаатай. Би хувьдаа Беларуссын багийн гишүүнийхээ гаргасан үйлдлийг дэмжиж, зөв эсэргүүцэл гэж харж байгаа. Манай багийг шийтгэвэл шийтгэлийг хүлээж авна. Беларусь, Орос хоёр орон мөнхийн сайн хөршүүд, бид ахан дүүсийн барилдлагаагаа юугаар ч сольж арилжихгүй” гэсэн байв. Түүгээр зогсохгүй Оросын далбааг алдаршуулсан Андрей Фомочкинийг Беларуссын ерөнхийлөгч А.Лукашенкод “Мерседес бенз” загварын суудлын автомашин бэлэглэнэ гэжээ. Мөн Кремлиэс түүнийг “Ард түмний найрамдлын одон”-гоор шагнах тухай яриа гарч амжив.

Өдгөө 53 настай Андрей Фомочкин нь Минск мужийн Хүүхэд, залуучуудын спортын дунд сургуулийн багшаар ажилладаг бөгөөд Спорт, аялал жуулчлалын сайдын туслах, тус яамны дэргэдэх Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын 1986 оны аварга, өвлийн олон төрөлтөөр ЗХУ-ын дээд амжилтыг тогтоож байжээ.

ОУПХ, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн гаргасан “Рио-2016” паралимпийн наадамд Оросын багийг оролцуулахгүй гэх шийдвэрийг эсэргүүцэн буруушаасан зургаан орны нэгд Монгол Улс багтаж байна.

Монголоос гадна Беларусь, Азербайжан, Канад, Киргиз, Молдавын паралимпийн багууд Оросын багийг дэмжиж буй. Тухайлбал, дээр өгүүлсэнчлэн Беларусын тамирчид Оросын далбаатай нээлтэд жагссан бол Азербайжан, Молдавын багууд паралимпиос хасагдсан Оросын тамирчдын оронд ирүүлсэн эрхийг авахаас татгалзсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж