Азербайжаны нийслэл Баку хотноо болсон Дэлхийн шатрын 42 дахь олимпиад өндөрлөлөө. Анх удаагаа хамгийн олон орныг нэгтгэж, 64 хөлгийн ард оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэй 180 багийг АНУ-ын шатарчид тэргүүлж, Руссел Хамилтоны цом хүртлээ. Удаахь байруудыг Украйн, Оросын багууд эзлэв.
Олимпиадын эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 140 баг оролцсоноос Хятадын шатарчид тэргүүлж, Вера Менчикийн цомын эзэн болсон бол Польш, Украйн улсуудын баг хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.
Харин Дэлхийн аварга Нона Гаприндашвилийн цомын эзнээр эрэгтэй, эмэгтэй багуудын аль аль нь шилдэг гуравт багтсан Украйн улс шалгарлаа.
Монголын багт тамирчдын хувьд энэ удаагийн олимпиадад эрэгтэй баг 6 хожиж, 1 тэнцэн, 4 хожигдож 51 дүгээрт бичигдсэн бол, эмэгтэй баг 6 хожиж, 2 тэнцэн, 3 хожигдсон үзүүлэлтээр 20 дугаар байр эзлэв.
Эрэгтэй шатарчдаас тэргүүн ширээнд тоглосон, Олон улсын мастер Г.Мөнхгал сүүлийн өрөгт хожих илүү байрлалаа алдаж хожигдсоноор Их мастерын нормоо биелүүлж чадсангүй. Эмэгтэй шатарчдын хувьд эхний 10 байрт шалгарвал Дэлхийн багийн аваргад оролцох эрхтэй болох байсан ч харамсалтай энэ боломжоо сүүлийн өрөгт алдлаа.
Гуравдугаар ширээнд тоглосон эмэгтэй Их мастер А.Энхтуул 7.5/10 оноогоор байр эзэлсэн нь Монголын оролцогчдын хувьд хамгийн өндөр үнэлгээ авсан тамирчин болов.
Олимпиадын үеэр явагдсан блиц тоглолтын тэмцээнд ФИДЕ мастер С.Ган-Од түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол шатрын дасгалжуулагчдын семинараас Б.Ану, Ц.Тулга нар Олон улсын дасгалжуулагч цолтон боллоо. Мөн шатрын Олон улсын зохион байгуулагчийн семинарын шалгалтад амжилттай дүн үзүүлсэн Г.Оюунчимэг, Ц.Тулга нар Олон улсын зохион байгуулагчийн нэг норм авсан байна.
Эрэгтэй:
1.Г.Мөнхгал- 4/9 чансаа +10.1
2.Б.Гүндаваа-4.5/10 чансаа -0. 8
3.Ц.Батчулуун-7/10 чансаа +13.4
4.С.Билгүүн-5/10 чансаа -0.7
5.Н.Баттулга-1.5/5 чансаа -13.9
Эмэгтэй:
1.Д.Номин-Эрдэнэ- 6.5/10 чансаа -0.9
2.Т.Батчимэг-5/9 чансаа -14.2
3.Ү.Үүрийнтуяа-3.5/7 чансаа -33.2
4.А.Энхтуул-7.5/10 чансаа +14.2
5.У.Лхамсүрэн-5/8 чансаа +1.2 нэмэгдэж хасагдсан байна.
ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДЫН МЕДАЛЬ ХҮРТСЭН БАГУУД
Эрэгтэй:
1.АНУ
2.Украйн
3.Орос
Эмэгтэй:
1.Хятад
2.Польш
3.Украйн
Б.ЭНХ