Нелсон Мандела 93 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Нелсон Мандела 93 нас хүрлээ

Өмнөд Африкчууд өнөөдөр ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн 93 насны ойг тэмдэглэж байна. Мандела Өмнөд Африкийн улс төрийн тэмцэлд амьдралынхаа 67 жилийг зориулсан нэгэн бөгөөд Манделагийн нэрэмжит сангаас түүний төрсөн өдрөөр иргэдийг 67 минут сайн дураар ажиллахыг уриалжээ. Энэ хүрээнд Өмнөд Африкийн нэлээд олон аж ахуйн нэгж, буяны байгууллага, олны танил хүмүүс дээрх сайн дурын ажилд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Манделагийн төрсөн өдрийн өглөө 08.05 цагт Өмнөд Африкийн 12,4 сая дунд сургуулийн сурагч төрсөн өдрийн дууг хоороор дуулж өгөх юм.

Ноён Мандела 93 насныхаа ойг Зүүн Кейп дэх өөрийн төрж өссөн Мвезо тосгонд өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн ноён Манделад баяр хүргэхийн ялдамд байгуулсан гавьяаг нь өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ноён Манделаг ухаан билэг, хүч чадал, зориг тэвчээрийн үлгэр жишээ болсон Өмнөд Африкийн баатар хэмээн тодотгож, 93 насны ойн баярын мэндчилгээ илгээжээ.

Ноён Мандела өнгөрсөн нэгдүгээр сард амьсгалын замын архаг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүнээс хойш гэртээ байнгын эмчийн хяналтанд, асаргаа сувилгаанд байгаа аж. Тэрбээр 2010 оны долдугаар сард болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээнээс хойш дахин олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байна.

Нелсон Манделагийн амьдрал ахуйн өнгөрсөн үеэс дурьдвал тэрбээр апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа олон тооны хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр баривчлагдаж, 27 жил шоронд хоригдсоны эцэст 1990 онд суллагдсан. Тэр цагаас хойш ноён Мандела Африкийн үндэсний конгресс намыг тэргүүлж, 1994 онд болсон анхны ардчилсан сонгуулиар олонхийн саналаар Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1999 он хүртэл уг хүндэт албыг хашсан юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж