Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний гол бүтээгдэхүүн хиам гээд хэлчихэд хилсдэхгүй биз ээ. Өглөөний цай, өдрийн хөнгөн зууш гээд бид хиамыг хүнсэндээ өргөн хэрэглэх болсон. Тэгвэл бидний гол хэрэглээ болох мах, махан бүтээгдэхүүн буюу хиамны хэрэгцээг 1946 оноос хойш хангаж, түүхт 70 жилийнхээ ойтой золгож буй “Мах комбинат” буюу эдүгээгийн бидний мэдэх “Мах импэкс” ХК-ийн Хиам консервны үйлдвэр жил бүр хэрэглэгчиддээ шинэ бэлэг барьдаг.
Саяхан тус компанийнхан малчдад төдийгүй иргэдэд хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа мэдэгдсэн бол өчигдөр савлагааны шинэ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ.
Энэ жил 70 жилийн түүхт ойтойгоо золгож буй хүнсний ууган үйлдвэр “Мах импекс” компанийн савлагааны шинэ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд олон хүндтэй зочид ирсэн юм. Тодруулбал, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих Зөвлөлийн дарга Л.Батнасан, Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт, ХХААХҮЯ-ны Хүнсний бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Ц.Цэцэгдарь, Нэвтрүүлэлтийн төвийн захирал Э.Энхээ, БНСУ-ын Бусонг болон SNSS компанийн Монгол дахь салбарын захирал С.Сүх-Очир, ХБНГУ-ын Multivac компанийн Азийн бүсийг хариуцсан техникийн зөвлөх, инженер Wilfried Streubel, МХЕГ-ын Хил хорио цээрийн улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очир, БНСУ-ын Хилийн чанад дахь хөдөө аж ахуйг дэмжих газрын дарга Хун Сон Гү, Технологийн дээд сургуулийн Мах боловсруулах үйлдвэрийн дарга О.Зориг, “Баянгол” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Цэндбаяр нар хүндэтгэл үзүүлэн, хүрэлцэн ирсэн байлаа.
Савлагааны шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг “Мах импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нээж хэлсэн үгэндээ, “Манай компани энэ онд нэлээд хэдэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2016 он гарсаар бид ХБНГУ-д зохион байгуулагдсан олон улсын мах махан бүтээгдэхүүний олимпоос Хиам консервны үйлдвэрийн хамт олон “Нүүдэл” брэндийн бүтээгдэхүүнээр алтан медаль, “Дээдэс” нэрийн бүтээгдэхүүнээрээ мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар түүхт ойн жилээ угтаж байна. Түүнчлэн савлагааны шинэ үйлдвэр буюу 2014 оноос төлөвлөн хэрэгжүүлж байгаа хиамыг жижиглэн савлах төслийг танилцуулахад бэлэн болоод байна. Уг төслийн хүрээнд ХБНГУ-ын Мултивак болон Текстор компанийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан. Уг тоног төхөөрөмжийг суурилуулахад БНСУ-ын Бусонг болон SNSS компанийн хамт олон тусгай орчин бүрдүүлсэн. Энэхүү савлагааны шинэ үйлдвэрийг байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн дотоодын болон гадаадын инженер техникийн ажилтнууд та бүхэнд хамт олныхоо өмнөө халуун талархал илэрхийлье” хэмээсэн.
Нээлтийн ёслолын үеэр савлагааны шинэ үйлдвэрийн талаар “Хиам консервийн үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа танилцуулсан.
Хиамыг орчин үеийн стандартын дагуу жижиглэж савлах төсөл одоогоос хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд судалгаа хийж, олон улсад зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцож туршлага хуримтлуулжээ. Ингээд үндсэн таван бүтээгдэхүүнийг сонгож, савлахаар болсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжөөс гадна, бэлэн бүтээгдэхүүнийг савлах тэр ариун орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулсан байна. Ийнхүү төслийн үйл ажиллагаа ажмилттай эхэлж, ХБНГУ-ын Мултивак болон Текстор компани, БНСУ-ын Бусонг болон SNSS компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өнгөрсөн оны аравдугаар сараас ажилдаа ханцуй шамлан орж, эдүгээ шинэ савлагаатай шинэхэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байгаа аж.
Цоо шинэ үйлдвэртэй танилцах зуур “Хиам консервийн үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын тухайд цагт нэг тонн орчим бүтээгдэхүүн зүсэх, савлах хосолмол ажиллагаатай, өдөрт 8-10 тонн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Үнэ өртгийн хувьд зөвхөн энэ машин тоног төхөөрөмж гэлтгүй орчныг бүрдүүлэхэд нэлээд хөрөнгө зарсан. Ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэхүү үйлдвэр бүтсэн. Өнөөдөр “Мах импэкс” компанийн шинэ үйлдвэрээс Берлин нэрийн таван төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гарч байна. Энэ таван төрлийн бүтээгдэхүүнийг шинэ савлагааны үйлдвэртээ зүсч, савлаж хэрэглэгчиддээ хүргэж эхлээд байна. Энэхүү савлагаагаар савласан бүтээгдэхүүнийг Европын улсад 40-60 хоног хадгалах боломжтой байдаг. Одоохондоо бид Монгол Улсынхаа стандартад захирагдаад хамгийн боломжтой хугацаа буюу долоо хоног хадгална гэж хадгалалтын хугацаагаа тавьчихаад байна” хэмээсэн юм.
Цоо шинэ хэмээн онцолсон Berlin брэндийн “Зүрхтэй чанамал хиам”, “Тахианы цээж махтай”, “Чанамал хиам”, “Гахайн гуяны махтай”, “Сармист утлагат хиам” хэмээн таван төрлийн хиамыг 200 граммаар савлажээ.
Түүнчлэн савлагааны шинэ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид сэтгэгдлээ илэрхийлэхийн зэрэгцээ Мултивак болон Текстор компанийн тоног төхөөрөмжийг хослуулан хэрэглэж буйгаараа Монголд төдийгүй Азидаа анхдагч болж буй “Мах импэкс” компанийнханд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Үүний баталгаа болгож, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппелийг төлөөлөн энэхүү ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт баяр хүргэж, батламж гардуулсан юм.
Мөн энэ үеэр БНСУ-ын Бусонг болон SNSS компанийн Монгол дахь салбарын захирал С.Сүх-Очир, ХБНГУ-ын Multivac компанийн Азийн бүсийг хариуцсан техникийн зөвлөх, инженер Wilfried Streubel нарт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын жуух бичгийг Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих Зөвлөлийн дарга Л.Батнасан гардуулсан.
Шагналын хур үүгээр дууссангүй. Жижиглэн савлах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, хамт олноо амжилттай удирдан зохион байгуулсан тус компанийн технологич Б.Амарбаярт МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалийг “Хиам консервийн үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа гардуулсан.
Мөн ХБНГУ-ын Франкфурт хотноо болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд “Мах импэкс” компанийн “Хиам консервийн үйлдвэр”-ийн хамт олон амжилттай оролцож, анх удаа монгол хиам, махан бүтээгдэхүүн дэлхийн нэр хүндтэй тус үзэсгэлэнгээс алт мөнгөн медаль хосоор нь авсан амжилтыг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус компанийн ерөнхий технологич Р.Отгонд “Алтан гадас” одон хүртээснийг Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гардуулсан юм. Ийнхүү шагналын хур буусан цэлмэг сайхан өдөр цоо шинэ савлагаатай, цоо шинэ хиам Берлин брэнд хэрэглэгчдийн гарт хүрч эхэллээ.